Monday, October 14, 2013

Их нартын хамгаалалтын захиргаа ашиглалтад орлоо

Даланжаргалан, Айраг сумын нутагт байх Их нартын байгалын нөөцийн газар нь Монголын болоод дэлхийн байгаль орчны хамгаалах байгууллагууд, төрийн бус байгууллагууд, судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар байна. Өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгаль, ан амьтны унаган төрхийг хамгаалахын тулд гадаад дотоодын байгууллагын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа энэ газар долоон хүний бүрэлдэхүүнтэй Хамгаалалтын захиргаа энэ сарын 12-ноос албан ёсоор ажиллаж эхэллээ. Хамгаалалтын захиргааг байгуулахын тулд Дорноговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр 100 сая төгрөг, гурван хүний цалин, Хамгаалалтын захиргааны урсгал зардал болох 26 сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс олгосноор ажиллах хүчин, өдөр тутмын үйл ажиллагаа явуулах боломж бүхий иж бүрэн тоноглогдсон байрыг ашиглалтад хүлээн авчээ. Харин НҮБХХ- ын Суурин төлөөлөгчийн газраас хамгаалалтын захиргаанд фургон, мотоцикл бусад тоног төхөөрөмжийг гардууллаа. 
Энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Их нартын байгалын нөөцийн газрын Хамгаалалтын захиргааны үүргийг “Аргаль агнуур судлалын төв” ТББ-аар гүйцэтгүүлэх гэрээг БОНХ-ийн сайд Ё.Оюун, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар баталснаар БОНХЯ-ны ТХНУГ-ын дарга Т.Эрдэнэчимэг, Дорноговь аймгийн БОНХГ-ын дарга Д.Сүрэн, “Аргаль агнуур судлалын төв”-ийн захирал С.Амгаланбаатар нар хамтын гэрээнд гарын үсэг зурсан аж. Их нартын байгалын нөөцийн газрын менежментийн төлөвлөгөөг өнгөрөгч оны хоёрдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаанд боловсруулж бүх талуудын оролцоог хангасан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд нийт 150 гаруй хүний санал зөвлөгөөг тусгасныг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгааг Тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх төслийн Үндэсний зохицуулагч Б.Оюунтүлхүүр ярьлаа. 
Түүнчлэн Монгол оронд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааг байгуулахаар анхлан санаачилж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар хэлэлцүүлэн төсөв баталж орон нутгийнхаа иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагааг нь жигдрүүлж байгаа жишээ ганцхан Дорноговь аймгаас гарсанд НҮБ-ын Монгол суугаа суурин зохицуулагч Сезин Синаноглу Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатарт нээлтэд оролцохдоо тусгайлан баяр хүргэсэн юм.
Мэдээллийг: Дорноговь аймгийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс

0 comments:

Post a Comment