Thursday, February 21, 2013

Янзаган хүрээ буюу үрээ хайрлах ухаан


1976 оны намар улсын анчин Л.Чанравваанчиг гуайд нэгэн сонин явдал тохиолджээ. Өвгөн дарга аймагт зөвлөгөөнд оролцоод буцаж явжээ. Тэгэхдээ Мандах сумаар ороод тэндээсээ Хатанбулаг явж байж.
Мандахын даргаар үдүүлээд хөдлөхдөө жолоочдоо:
-Юмыг яаж мэдэхэв буугаа гаргачихаарай гэжээ. Замдаа жолооч нь зогсон дурандаж байснаа даргадаа дурангаа өгч:
- Хачин юм даа, овоо болгоны орой дээр зээр гараад зогсчихсон байх юм гэж. 
Хартал арай л өндөр гэсэн гэсэн болгон дээр намрын тарган ооно, сүвээ нь пялхалзсан шаргачин сэрийлдэн зогсож байх юм гэнэ.

Чанрав гуай ч хөдөлж зээрэнд харагдахгүйгээр дөхөж очоод явган явсаар өнгийжээ.
Тэгтэл юу харсан гэж санана. Тойрмын шалан дээр зээрийн олон янзага эрхэлж тоглон дугуйран хөөцөлдөж байх юм гэнэ.
Харваас юун буудах нь бүү хэл өхөөрдмөөр ажээ. Янзагаа тоглог гэсэн шиг тойрмын эргэн тойрныг бараачлах өндөрлөг газар болгон дээр томчуул нь харуулд гарсан нь тэр ажээ.

Чанрав гуайн санаанд нэгэн өвгөн анчин: -Говийн цагаан бор зээрийн янзаган хүрээ намар болдог юм. Хэр баргийн хүнтэй дайралддаггүй ховор эд дээ хүүхээ. Дайралдсан хүн аз жаргалтай урт насалдаг юм гэж хэлсэн үг санаанд оржээ.
Энэ тухай жолоочдоо хэлээд хоёул сэмхэн бууж нутгийн зүг жолоо залжээ.Энэ тухай Л.Чанравваанчиг гуай: Би тийм олон хурга ишиг шиг зээрийн янзага үзээгүй болоод ч тэрүү их хөөрхөн юм билээ. Тэр өдөр сэв хийх салхигүй сайхан өдрийг ч хэлэх үү. Нэг ёсны зээр хүртэл хүн шиг хүүхдийн баяр хийдэг шиг үр төлөө ганц өдөр баярлуулда юм билээ..
Үүнийг говьчууд янзаган хүрээ гэдэг юм. Би одоо санаж байна. Тэр өдөр 1976 оны 9-р сарын 17-18 л байсан. Намайг Мандах суманд очиход сум нэгдлийн дарга нь хоёр гурав хоногийн өмнө унага тамгалсан гээд айраг өгч байсан юм.

Сүүлд нь хоёр гурав хоногийн дараа айлаар явж байгаад янзага хөөцөлдөж байсан тойром дээр очиход нүүсэн айлын уяаны ором шиг дугуй хүрээ татчихсан байсан. Янзага хөөцөлдсөн дугуй тойром мөрөөр нь говьчууд янзаган хүрээ гэж хэлсэн ч байж магадгүй гэж ярьсныг нь 1999 оны 9-р сарын 9-ны таван ес давхцсан өдөр Дорноговь аймгийн “Цаасан шувуу” сонины редакцийн өрөөнд тэмдэглэв.

Эх сурвалж: Б.Төмөрпүрэв "Тавин жил хүнтэй нөхөрлөсөн хэрээ" номноос...

0 comments:

Post a Comment