Saturday, March 2, 2013

Д.Сүндий: Нутгийнхаа сайн сайхны төлөө хүн бүр чадах бүхнээ хийх нь чухал


Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу насныхаа эрч хүч, оюун мэдлэгээ зориулан ажиллаж байгаа мянга мянган залуучууд Монголд хөдөлмөрлөж байна. Үүний нэгэн төлөөлөл бол Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Банк, санхүүгийн салбарт 5 жилийн туршлагатай интерпренер бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны салбарт 8 жилийн өргөн туршлагатай өндөр мэргэшилтэй мэргэжилтэн Нэткапитал санхүүгийн корпорацийн ТУЗ-ын дарга Д.Сүндий юм. Тэрээр 2008 онд Нэткапитал санхүүгийн корпорацийг үүсгэн байгуулж байсан бөгөөд одоог хүртэл ажиллаж байна.   
       
-Танд Дорноговь аймгийнхаа уншигчдын зүгээс шинэ оны мэнд хүргэе?
-Баярлалаа. Нутгийнхаа зон олонд шинэ оны мэнд дэвшүүлье. 

-Нутагтаа хэр ойрхон ирж очиж байна? Хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?
-Би 1998 оноос хойш оюутан болоод Улаанбаатар хотод суурьшин амьдарч байна. Хэдийгээр энд ажил хөдөлмөрөө эрхэлж, гэр бүлтэй болсон ч гэсэн сэтгэл зүрх маань нутагтайгаа үргэлж холбоотой байдаг. Жилдээ 1-2 удаа аймагтаа очдог. Өнгөрсөн 2012 оны 08 сард нутгагтаа очиж Хайрхан ууландаа гарчихаад ирсэн. Ер нь нэг очоод энерги аваад ирсэн байхад хэсэгтээ бол ажил үйлс маань бүтэмжтэй сайхан байдаг юм. /инээв.сурв/

-“Нэткапитал”-ыг хүмүүс зээлийг шуурхай олгодог гэдгээр нь сайн мэднэ. Байгууллагынхаа талаар та товчхон танилцуулбал?
-Нэткапитал санхүүгийн корпораци байгуулагдаад тав дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр шалгаруулдаг “ТОП-100”, “ТОП-150” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад оролцож 3 жил дараалан буюу 2009,  2010, 2011 онд “TOП-10” ББСБ-ын нэгээр шалгарсан. 2012 оны шалгаруулалт энэ оны 4-р сарын үед болох байх.

-Амжилт бүтээлээр арвин байж, жилээс жилд өргөжин тэлж байгаа ирээдүйтэй компани байна. 2012 онд хийсэн шинэ ажлуудаасаа дурьдвал?
-Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчиддаа илүү таатай, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх талаар байнга ажиллаж, сайжруулалт хийсээр байдаг. Жишээ дурдвал: энэ онд эко зээлийн бүтээгдэхүүн гаргасан ба газ, гибрид машинтай хүмүүст зээл авахад илүү олон боломжийг нээсэн. Манайхаас зээлдэгч нар 100 хүртэл сая төгрөгийг машинаа унах нөхцөлөөр авдаг. Харин энэ жилээс 2 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлийг судалгаагүй шууд олгодог болсоноор зээл авах үйл явц улам бүр хялбар боллоо.

-Танай байгууллагын давуу тал юу вэ? Ижил төрлийн байгууллагуудаас ялгарах онцлог юу вэ?
-Харилцагчид Нэткапиталаас зээл авбал барьцаа хөрөнгөө харьцангуй өндөр үнэлүүлнэ, зээлийн судалгаа хурдан хийгдэж шуурхай зээл авна, их хэмжээний мөнгө гаргах чадвартай, машинаа унаж явах болон найдвартай газар хадгалуулаад авах нөхцлүүдийн аль нэгээр зээл авч болно, хашаа байшин, орон сууц ч барьцаалан зээл авч болно гэх мэт давуу талуудыг мэддэг учраас манайхыг сонгон үйлчлүүлдэг болов уу. Манайхаас 100 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин харьцангуй бага дүнтэй буюу 2 сая хүртэлх төгрөгийн зээлийг бид судалгаагүй, шууд олгож байгаа нь олны талархалыг хүлээгээд байгаа. Зээлээс гадна манайхыг сонгодог нэг ТОМ ШАЛТГААН бий. Тэр бол Нэткапиталын итгэлцлийн бүтээгдэхүүн юм.

-Итгэлцлийн бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Банкны хадгаламжаас ямар давуу талтай вэ? Өндөр хүүтэй хадгаламж гэхээр Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал санаанд ордог болсон байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Хадгаламж зээлийн хоршооны дампуурлыг товч тайлбарлахад, жишээ нь 1 сая төгрөгтэй 10 хүн нийлээд 10 сая төгрөгнөөс 100 дахин давсан 1 тэрбум төгрөг татаж тэрнийг удирдах болсон. Ингэхээр нөгөө 1 сая төгрөгөөрөө эрсдэл хүлээсэн этгээд их хэмжээний мөнгө авч ашиглан хийж дампуурах сэдлийг бий болгосон. Тэрнээс гадна, мөнгийг зөв удирдалгүй хамаатан садан, танил талдаа тооцоо судалгаагүй зээлүүд олгох, үр ашиг өгөхгүй зүйлд хөрөнгө оруулах, хөндлөнгийн сайн хяналт байхгүй байсан гэх мэт цөөнгүй хүчин зүйлүүдээс болж дампуурсан байдаг. Банкны хувьд өөрийн хөрөнгөөсөө 10 дахин их мөнгийг татан төвлөрүүлж байгаа.Харин манай Итгэлцлийн үйлчилгээ нь дээрх банк болон хадгаламж зээлийн хоршооны хадгаламжаас ялгаатай. Бид өөрийн хөрөнгийнхөө ердөө л 80%-тай тэнцэх дүнгээр мөнгөн хөрөнгө байршуулах боломжийг олгож байгаа учраас хариуцлага үүрэх өндөр чадвартай байна. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр шалгаж хянадаг.Итгэлцлийн үйлчилгээг авбал мөнгөн хөрөнгөнөөс гадна үл хөдлөх хөрөнгөө байршуулан удирдаж болно. Хадгаламжаас ялгарах бас нэг зүйл бол мөнгөн хөрөнгөө зүгээр нэг байршуулдаг харилцагч биш, харин энэ компанийн эзэн болж компанийн өгөөжийг хүртэх явдал юм. Санхүүгийн зуучлал буюу сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хэрэгцээтэй хүмүүст зээл болгон хүргэх энэ үйлчилгээнээс хүмүүс үр шим хүртдэг. Гадаадын орнуудад нэр хүндтэй өндөр чадвартай сангийн менежерүүд нь банкинд биш өөрийн гэсэн итгэлцлийн сангаараа дамжуулан иргэдийн мөнгөн хөрөнгийг удирдан өндөр үр шим хүртээдэг.Нэмж хэлэхэд, манай итгэлцлийн бүтээгдэхүүн эрсдэлийг хаасан байгаа. Өөрөөр хэлбэл, байршсан мөнгийг зөвхөн зээл олголтод ашиглах ба зээл нь барьцаа хөрөнгөтэй учраас эрсдэх магадлал бага.


-Хадгаламжаас үнэхээр ялгаатай юм байна. Сарын хүү нь хэд вэ?
-Итгэлцлийн үйлчилгээнд хүү гэж яригдахгүй “өгөөж” гэж яригддаг. Өмнө хэлснээр, иргэд мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөө Нэткапитал санхүүгийн корпорацид байршуулахад бид санхүүгийн зуучлалаар мөнгийг нь шаардлагатай хүмүүст зээл болгон олгоод эргээд харилцагчдаа өгөөжийг өндөр хувиар олгодог. Энэ өгөөжийн хувийг нийтэд зарлах боломжгүй байдаг. Харилцагчид манай дээр ирж өгөөжийн хувийг мэдэж авч болно. Мэдээж та манай харилцагч гэхээсээ илүүтэй манай корпорацийн хөрөнгө оруулагч гэдэг утгаараа өгөөжийн хувь банкны хадгаламжийн хүүнээс харьцангуй өндөр гэдгийг хэлмээр байна. 
-Танай хамт олон хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлд ач холбогдол өгч  ажиллаж байна. Санхүүгийн байгууллагын нэг том зорилго нь мөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг удирдах, алдагдсан боломжийг бага байлгах, зөвлөгөө мэдээлэл өгөх явдал юм. Жишээлбэл, барилгын компаниудад газар зарах, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт босгоход зөвлөгөө өгч хамтарч ажиллахын зэрэгцээ барилгын зөвшөөрөлтэй газар барьцаалан зээл олгоно.
Албан байгууллага, их дээд сургуулиудын хүсэлтээр санхүү болон хувь хүний хөгжлийн чиглэлээр мөн илтгэл лекц зохион байгуулж эхлээд байна. Энэ нь иргэдийн болон залуу хойч үеийнхээ санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа ажил юм. Энэхүү лекцийн аянд хамрагдах хүсэлтэй их дээд сургуулиудаас саналууд ирсээр байгаа нь бидний сургалт, зөвлөгөөний ажилд ихээхэн урам өгч байгаа. Бид олон сэдвээр сургалт хийж байгаа ч байгууллага, сургуулиудаас ихэвчлэн “Цагийн менежмент”, “Хувийн санхүү”, “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь”,"Манлайлал”, “Өндөр бүтээмжтэй хүний 8 зуршил”, “Баг бүрдүүлэлт ба багийг үр дүнтэй ажиллуулах нь” гэсэн сэдвүүдийг илүү их сонирхож сонгодог. Байгууллагуудын ажилтнуудад санхүүгээ хэрхэн өндөр өгөөжтэй удирдах талаас сургалтууд ордог бөгөөд энэ нь тэдэнд анзаараагүй байсан боломжуудыг ашиглах сэдлийг төрүүлэх ач холбогдолтой юм.

-Хөдөө орон нутагт хэдэн салбартай вэ? Та бүхний хэтийн зорилго юу вэ?
-Одоогийн байдлаар манайх Дархан, Эрдэнэт хотуудад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 оны эхний улиралд багтаан шинэ 2 салбар нээх зорилт тавин ажиллаж байна. Нутагтаа 2010 онд салбараа нээсэн боловч идэвхитэй ажиллаж чадаагүй байна. Цаашид идэвхижүүлэх тал дээр нэлээн анхаарал хандуулна. Ойрын 3 жилийн хугацаанд бид хөрөнгийн зах зээлд шинээр компанийн хувьцааг арилжаалах буюу IPO гаргах замаар олон нийтийн корпораци болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мэдээж үүний тулд бизнесийн үйл ажиллагааг улам бүр сайжруулах, илүү нээлттэй ил тод болох хэрэгтэй. Тийм учраас бид цаг хугацаатай уралдаж, зах зээлд тэргүүлэн ажилласаар байгааг хэлэхэд таатай байна.

-Хамгийн сүүлд нутаг орныхоо төлөө юу санаж явдаг бодлыг тань сонсмоор байна. Хөгжил цэцэглэлт манай нутагт тун ойрхон байна шүү дээ. 
-Сайншанд хөгжих нь тодорхой болсон нутаг гэж харж байна. Дорноговьчууд маань сүүлийн 20 жилд 2 намаар талцан маш их зүйл алдсан байдаг. Жишээ нь:  Чойр-Сайншанд-Замын Үүдийн хатуу хучилттай авто зам тавих нь Дорноговьчууд төдийгүй Монгол улсын хэмжээний стратегийн өндөр ач холбогдолтой байтал бараг хамгийн сүүлд уг асуудлыг шийдэж байгаа нь манайхны төлөөлөл болсон төрийн түшээд эвлэлдэн нэгдэж чадаагүйн том илэрхийлэл юм болов уу. Мөн Дорноговь аймгийн хэмжээнд маш олон тооны уурхайнууд байгаа боловч Дорноговьчууд бид өөрсөдөө эзэн нь болж чаддаггүй, эргээд нутаг орны хөгжилд эдгээр уурхайнуудаас оруулж буй хувь нэмэр бидэнд тодорхойгүй, наалдац муутай байдаг нь бидний гол асуудал болоод байна. Иймд Дорноговийн ирээдүй болсон залуу үе бид цаашид намаар хуваагддаг өмнөх үеийхний алдааг давтахгүй байх, өөрсдийнхөө өссөн төрсөн нутгийнхаа сайн сайханы төлөө хүн бүр өөр өөрийн чадах бүхнээ хийж, нутаг орныхоо эзэн шиг эзэн нь байхын төлөө эвлэлдэн нэгдэж нутгаас сонгогдсон төрийн түшээдийн дэмжлэгийг авч ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. 


0 comments:

Post a Comment