Saturday, March 2, 2013

Уранаас уу? Аль эсвэл...


Монгол улсад дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн үнэ цэнээ харуулсан бүхий л ашигт малтмалууд олборлогдож, хайгуулын ажил хийгдсээр байна. Харин уран гэгч чухам ямар металл болох талаар манай улсад мэдээлэл муу байдгийг үгүйсгэх аргагүй юм. Дэлхийн нийт эрчим хүчний 16 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авч хэрэглэж байна.Цөмийн эрчим хүчний техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед ураныг олборлон боловсруулж атомын цахилгаан станцад өргөнөөр ашиглаж байна. Монгол улсын хувьд ураныг олборлож боловсруулан “шар нунтаг” үйлдвэрлэн ойрын хугацаанд экспортлох зэргийн талаар ярьж байна. 
Уран нь байгаль дээр бусад элементийн нэгэн адил хаа сайгүй тархдаг боловч илүү ихээр хуримтлагдан хүдрийг үүсгэдэг байна. Жилд манай дэлхий  дээр 35 орчим мянган тонн уран олборлож байгаа бөгөөд нийтдээ 2 сая гаруй тонн ураныг олборлосон баримтыг дурьдаж болно. Хамгийн их ураны нөөц бүхий ордын тоонд Канад, Америк, Казакстан, Австрали, БНХАУ орно. Харин Канад, Австрали, Казакстан, ОХУ, Намиби, Нигери, Узбекстан зэрэг орнууд хамгийн их уран олборлодог ажээ. Гэвч уран гэх нэр томьёо Монголчуудын ялангуяа Дорноговь аймгийн иргэдийн дунд аймшигтай аюултай мэт яригдах боллоо. Үүнээс болж мал үхсээр байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллээр ч цацах болов. Үүнтэй холбоотойгоор газар дээрээ байдал ямар байгаа эсэх талаар болон Сайншанд сумын 5-р багийн малчин Д.Норсүрэн гуайн өвөлжөө, “Коже говь” компаний кемп дээр манай сурвалжлах групп ажиллаад ирлээ.  Дорноговь аймгийн хэмжээнд 13 ураны лиценз олгогдсон байдаг баримт байна.  

 Улаанбадрах сумын нутаг, Дулаан уулын ордод Францын “Арева” группийн охин компани “Коже говь” ХХК уран олборлох зөвшөөрөл эзэмшиж, туршилтын өрөмдлөгөө хийн, 2 тонн шар нунтаг олборлосон байна. Тус компани нь 2008 онд анхны цооногоо тавьж байсан бөгөөд байнгын 100 гаруй үндсэн ажилтантай хайгуулын ажил эхлэхэд орон нутгаас 30 гаруй хүн авч ажиллуулдаг талаар бидэнд мэдээллэсэн юм. Д.Норсүрэн гуайнх Баруун баян дулаан хайрхан хавиар  50 жил орчим нутаглаж байгаа бөгөөд энэ хугацаанд мал эндэж үхэх үзэгдэл ингэж олноор гарч байсан нь үгүй. Таван хошуу малынхаа ашиг шимээр амьдардаг малчинд тугал бяруу нь хэд хэдээрээ үхэж байгаа нь сэтгэл санаанд нь ихээхэн хүндээр нөлөөлж байна. Ханддаг бүх газарт нь дарга цэргээр дамжуулан мэдээлэл дамжуулсан боловч хүрч очоод л олон төрлийн шинжилгээ аваад явдаг харин тодорхой хариу ч өгсөн зүйлгүй бяруу тугалнууд нь үхсээр өнөөдрийн байдлаар 17 тугал үхжээ.
Энэ мэдээллийн 2013 оны 01 сарын 14-нд Зүүнбаян багийн засаг дарга малын эмч газар дээр нь ажиллуулах тухай албан тоотыг Сайншанд сумын засаг дарга, Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ. 
5-р багийн малчин Д.Норсүрэн: 
Өнгөрсөн өвлөөс л адуу доголж эхэлсэн. Эзэн нь мэдэгдэхгүй үхсэн нэг тугалыг хүртэл би холдуулж шатаасан. Анх хэдэн тугалаа үхэхэд өөрөө байгаагүй хотод эмчлүүлж байсан юм. Хүү маань үхсэн малаа “Коже говь” компаниас машины дугуй гуйж тэр дор нь устгасан байсан. Үүнээс хойш ойрхон зайтай тугалнууд үхэх болж арга буюу “Коже говь” компаний хогийн цэг дээр малаа шатааж булшилж эхэлсэн. Харин өнөөдрийн байдлаар хогийн цэг үхсэн малын сэгээр дүүрсний болохоор хог хаях аргагүй болж Коже говийнхон Зүүнбаянгийн нутаг дэвсгэрт хогоо асгаж байгаа гэсэн. 

/Байгаль орчинд аюул учруулахуйц хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх Монгол Улсын хууль тогтоомж хаана үйлчилж байна вэ?/   

Шинжилгээ хийсэн албан тоотуудаас дурьдвал: 
УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ / 2012.10.18/
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт “Коже говь” ХХК-ийн цацраг идэвхит ураны хайгуулын улмаас малын төл гажиг хэлбэртэй гарч байж болзошгүй талаар ирүүлсэн дуудлагын дагуу хамтарсан шалгалт хийж тус сумын нутаг, Дархан уул, Баян монгол, Зөөч, Зүүн-Ухаа, Аргалант уул, Богд уул зэрэг газраар явж 10 гаруй суурийн малчидтай уулзаж байдлыг газар дээр нь танилцан газрын хөрс, худгийн ус, өмийн цооногны орчимд цацрагийн шинжилгээ хийж үзэхэд цацрагийн хэмжээ олон улсын хүлээн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс доогуур байгаа нь цацрагийн холбогдолтой шалтгаанаас малын төл гажиг согогтой гарсан байна гэх үндэслэл одоогоор байхгүй байна. Харин малчдын өгсөн мэдүүлэг, өнгөрсөн жилд байсан чийг ялааны нислэг, энэ хавар мал нь хээл хаяж, гажиг төл олноор гарсан шинж тэмдэг зэрэг нь Зүүн Өмнөд, Ази, Австрали, Япон, Солонгос, Тайван Автрали, Ойрх Дорнод, Өмнөд Африкийн Израйль, Турк, Африкийн Израйл, Турк, Өмнөд Африк, Кипр, Зимбаб, Кеня зарим оронд гараад байгаа Акабан өвчинтэй нэлээд төстэй байсан учраас 2013 онд Абаканы өвчнийг оношлох оношлуур захиалан авч эцсийн оношийг тавих нь зүйтэй байна гэсэн дүгнэлт хийсэн болногэж улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабароториос гаргажээ. 

Цөмийн энергийн газрын улсын байцаагчийн дүгнэлтээс /2012.12.06/
Цацрагийн хэмжилт шинжилгээний дүнгийн тухай 
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 25-ны  өдрийн 1/54 тоот албан бичгийн дагуу тус сумын нутагт цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул судалгааны үйл ажиллагаа явуулж буй “Коже говь” ХХК-ийн үйл ажиллагаанд цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, цацрагийн хамгаалалт, аюулгүйн байдлын холбогдолтой дүрэм, стандартын хэрэгжилтийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран шалгалаа. Хяналт шалгалтыг Цөмийн болон цацрагийн хяналтын байцаагч С.Пүрэвсүрэн, Цөмийн материалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Өсөхжаргал, Усны газрын ус ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарцогт, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн Хүнсний Аюулгүй байдал, халдваргүй өвчний асуудал хариуцсан дэд захирал профессор Д.Оргил, Дорноговь аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн О.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр 2012 оны 07 дугаар сарын 06-07ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна. Хамтарсан хяналт шалгалтаар орон нутгаас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын засаг дарга Б.Ганзориг, мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Л. Очирбилэг, мэргэжилтэн Ц.Энхтүвшин ”Номт Далай” ХХК-ийн эмнэлэгийн захирал Г.Баянцагаан нарыг болон “Арева Монгол” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Г.Луузан, “Коже говь” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй цацраг хамгаалал, байгаль орчны менежер Г.Жигжид, байгаль орчны мэргжилтэн А.Цолмон Цацраг хамгааллын мэргэжилтэн Ц.Оюунчимэг, Геологи уул уурхайн мэргэжилтэн н.Буянхишиг, Дулаан-Уул ангийн дарга н.Баярсайхан, Дулаан-Уул төслийн ахлагч Флориан, гидрогеологич Марине, Мон-Атом ХХК-ийн уул уурхай, үйлдвэрлэл үйлдвэрлэл технологийн газрын мэргэжилтэн Л.Батдорж нарыг байцуулан хийж гүйцэтгэсэн болно. Кожеговь ХХК-ийн уугсан олборлох туршилт хийсэн талбай , өрмийн талбай болон Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Н.Ариунболор, Баасанбат, Гаахүү, Д.Мөнхбаяр, Алтанбаатар, Х.Пүрэвдорж, Батбаатар, Д.Оргодол, Сүрэнхор нарын гэрийн орчимд  цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг 18 цэгт, усан дахь радоны хуримтлалын хэмжээг малчны Баянмонгол худаг, Оройн хар худагт тус тус хэмжилт хийжээ.  

Улаанбадрах сумын засаг дарга Б.Ганзориг:  
Улаанбадрах сумын хувьд “Коже говь” компаний үйл ажиллагаатай өнгөрсөн оны 5 сараас хойш тэмцэлтэй, асуудалтай байгаа. Энэ олон тугал үхэж байгааг холбогдох газрын шинжээчид шинжилгээг цаг тухайд нь авч байна. Бид эцсийн мэргэжилийн шинжээчдийн дүнг хүлээж байна. 
Уг асуудлаар МУ-ын ерөнхий сайд  сайд Н.Алтанхуяг цөмийн энергийн газрынхантай уулзсан гэсэн  мэдээллийг албаныхан хэлж байлаа. Мөн  нээлттэй параламент сайтад ерөнхий сайд Алтанхуяг: “Манай улс цөмийн энергийг хэрэгтэй газар нь зөвөөр хэрэглэх, ашиглах гэдэг дээр ухрахгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих асуудал байхгүй гээд Засгийн газар ямар нэг зүйлийг нууцаар хийхгүй. Цөмийн энергийн технологи судлахгүй. Нэгэнт хайгуул хийчихсэн газраас ураныг байгаль орчинд хоргүй байдлаар шар нунтаг хүртэлх технологийг ашиглах болно” гэсэн байна. Харин Дорноговь аймгийн хэмжээнд 13 ураны лиценз олгогджээ. 

Цөмийн энергийн газар Улсын байцаагчийн дүгнэлт /2012.12.24/

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багийн засаг дарга Ц.Эрдэнэчимэг танаа
Хяналтаар Кожеговь ХХК-ний өрмийн талбай, хаягдал шаврын цэг болон 5 дугаар малчин Д.Норсүрэнгийн гэр, Гүнсухай бууцын орчимд цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг 5 цэгт, усан дахь радоны хуримтлалын хэмжээг малчны худаг, Хонгорын улаан нуур, Баруун баян булагт тус тус тодорхойлсон байна. 
Эдгээрийн хариулт нь газрын хөрс, худгийн ус, өмийн цооногны орчимд цацрагийн шинжилгээ хийж үзэхэд цацрагийн хэмжээ олон улсын хүлээн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс доогуур байгаа нь цацрагийн холбогдолтой шалтгаанаас малын төл гажиг согогтой гарсан байна гэх үндэслэл одоогоор байхгүй байна гэсэн байх юм. Шинжилгээний хариу нь зүгээр гараад байдаг харин юунаас шалтгаалсан эсэх нь өнөөг хүртэл таг дарсан нууц мэт байсаар байна. Үүнд Олигтой арга хэмжээ холбогдох газрууд авч чадахгүй байсаар байтал хоёр он дамнаад  17 тугалаа алдсан малчин хохирсоор байхуу? Энэ асуудлыг хурдан шуурхай шийдэхгүй бол цаашлаад хэнд юунд ч нөлөөлж болох эсэх талаар малчид маань санаа зовнин харуусан сууна. Өнөөдөр мал хордож үхэж байна. Хордсон малын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн иргэд ч үхэхгүй гэх баталгаа алга. 2013 оны 01 сарын 18-ны өдрийн мэдээгээр малчин Д.Норсүрэнтэй холбогдоход дахин 3 тугал биеийн байдал маш муу өнөө маргаашгүй өнхрөөд унах нь тодорхой гэдэг тухай дуулгалаа.
                                                           Сэтгүүлч З.Энхзул("Өнөөгийн Дорноговь" сонин)

0 comments:

Post a Comment