Сайншанд сумын “Найрамдал” хотхонд төвлөрсөн “Найрамдлын хүлэгч” уяачдын Ц.Гантулга тэргүүтэй галын хамт олон “Хутагтын хурд” бүсийн уралдааныг угтсан хурдан морьдын бооцоот уралдааныг зохион байгууллаа. Дээд гурван насны хурдан морьдын уралдаанд Алтанширээ, Иххэт, Айраг, Өргөн, Эрдэнэ, Сайншанд сумдын уяачдын сойсон 150 орчим хурдан хүлэг тоосоо өргөлөө. 10 км уралдсан 46 азарганаас Сайншанд сумын уяач Н.Отгонбаатарын хээр түрүүлж, Өргөн сумын харьяат Л.Цагаандалайн хонгор аман хүзүүдэж, Алтанширээ сумын Д.Ишлодойн хүрэн будан, Сайншанд сумын Н.Мөнх-Эрдэний зээрд халзан, Алтанширээ сумын Ц.Сайнбуянгийн зээрд айргийн тавд хурдаллаа.
12 км уралдсан Их насны 50 шахам хурдан хүлгүүдээс Айраг сумын Н.Батжаргалын хүрэн түрүүлж, Эрдэнэ сумын Н.Отгонжаргалын хонгор халзан аман хүзүүдэж, Сайншанд сумын Н.Шаравдоржийн хонгор халзан, Өргөн сумын Ё.Түвшинбаярын хүрэн, Иххэт сумын Н.Төмөрбаатарын хээр айрагдлаа. 10 км уралдсан 43 соёолон морьдоос Сайншанд сумын Ж.Хоролсүрэнгийн хул түрүүлж, Алтанширээ сумын Ц.Сайнбуянгийн халиун аман хүзүүдэж, Алтанширээ сумын Д.Ишлодойн хар, Сайншанд сумын Н.Билэгтийн алаг, Сайншанд сумын Н.Очирын хүрэн айрагдаж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. Гурван насны хурдан хүлгийн 15 айраг түрүүнээс, Айраг сум 1 түрүү, Сайншанд сум 2 түрүү, 4 айраг, Алтанширээ сум 4 айраг, Өргөн сум 2 айраг, Эрдэнэ сум 1 айраг, Иххэт сум 1 айраг авч “Хутагтын хурд” бүсийн наадамд бэлтгэл сайтай байгаагаа харуулж мөнгөн шагнал, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийг тус тус хүртэв.
Нас бүрийн хурдан морьдын уралдааныг 50-60 машин дагаж, эмч эмнэлэгийн машин байхгүй, Хүүхдийн төлөө газраас төлөөлөгч харагдаагүйг хойшид анхаарч зохицуулах шаардлагатай байна. "Хутагтын хурд" хурдан морьдын уралдаан, Хаврын тэргүүн сарын шинийн тодорхой өдрүүдэд газар газар болох уралдаануудад уяачид хурдан хүлэгээ хэдийн сойж эхэлжээ.
Сэтгүүлч М.Чулуун(Өнөөгийн Дорноговь сонин)
0 comments:
Post a Comment