Дорноговь аймагт тавтай морилоорой

Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2013 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан билээ. Өнгөрсөн жилүүдэд Сайншандын ойролцоо орших Хамарын хийд, Хүслийн Хан Баянзүрх уулыг зорих дотоод гадаадын жуулчид 1 жилд 40мянга давдаг болоод байна.

Залуусын хот Сайншандад тавтай морилно уу

Дорнын говийн үзэсгэлэнт хот Сайншандад одоогоор 22,000 орчим хүн аж төрдөг. Тэдний 50 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Тиймээс Сайншанд яах аргагүй Залуусын хот билээ. Залуусын хот Сайншандад тавтай морилно уу.

Говийн үзэсгэлэнт хот - Сайншанд

Дорноговь аймгийн төв Сайншанд нь дэд бүтэц маш сайн хөгжсөн, Монгол улсын говийн бүсийн томоохон хотын нэг билээ. Сайншанд нь Монголын хотуудын холбооноос 2007 онд Хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот, Цэвэрч хот, 2011 онд Шилдэг менежменттэй оролцогч хот зэрэг шагналуудаар шагнуулсан билээ.

Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот

Сайншандад Хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барих шийдвэр гарснаас хойш Сайншандыг зорин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Сайншанд хот өртгийн хувьд Замын-Үүдээс арай доогуур, Чойроос арай дээгүүр өртөгтэй хот бөгөөд сүүлийн үед нийгэм эдийн засаг нэлээд ихээр өсч байгаа Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот билээ.

Фэйсбүүк дэх Дорноговь аймгийн бүлэгт нэгдэцгээе

Олон нийтийн Фэйсбүүк сүлжээнд Дорноговьчууд өөрсдийн аймгийн бүлгийг байгуулж, аймгийнхаа талаарх мэдээллээ солилцдог билээ. Та ч гэсэн нэгдэж аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн талаар саналаа солилцоорой. www.facebook.com/groups/dornogovi

Tuesday, October 15, 2013

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫХАН ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Өнгөрсөн 10 сарын 4-5-ны өдрүүдэд Барилга хот байгуулалтын яамны Дэд сайд Г.Байгалмаа, Төрийн Нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон хэлтэс агентлагийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Дорноговь аймагт ажиллалаа. БХБЯ-ныхан 10 сарын 04-нд Замын-Үүд суманд ажилласан бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй дэд бүтцийн төсөл, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн явц байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар орон нутгийн удирдлагуудтай санал солилцсон юм. Уг уулзалтын дараа БНХАУ-ын Эрээн хотын Барилга бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн ажилтай танилцлаа. 10 дугаар сарын 05-ны өдөр Сайншанд суманд ажилласан бөгөөд аймгийн төвд хийгдэж буй барилга бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.












Дорноговь аймагт маань олон томоохон бүтээн байгуулалтууд хийгдэхэр төлөвлөгдөж байна. Үүнд:

“ЖИШИГ ГУДАМЖ” ТӨСӨЛ
Сайншанд сумын хэмжээнд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх иргэдийн тав тухтай, цэвэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Жишиг гудамж” төслийг иргэдийн оролцоотойгоор байгуулахаар зураг төсвийг боловсруулан хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгаад байна.


Музейн цогцолбор
Сайншанд сумын  1-р дүгээр багийн нутаг дэвсгэрт цаг уурын зүүн талд Дорноговь аймгийн музейг шинээр байгуулахаар зураг төслийг боловсруулан бэлэн болгоод байна. 2014 оны улсын төсөвт барилга барих хөрөнгийг тусгаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна


Спорт цогцолбор
Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цахилгаан шугам сүлжээний баруун талд 700 хүний суудалтай спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулж бэлэн болгоод байна. Соёл спорт, аялал жуулчлалын яаманд 2014 оны улсын төсөвт хөрөнгийг суулгахаар санал хүргүүлээд байна.


“Сайншанд”ресорт
Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, парк байгуулахаар Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Дорноговь-80”цогцолборын баруун талд байгуулахаар зураг төслийг боловсруулж  дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна.

Хөл бөмбөг, сагсан бөмбөг, спорт амралтын талбай
Сайншанд, Замын-Үүд сумдад Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, спорт тоглоомын талбай  байгуулахаар зураг төслийг боловсруулж дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна

Эх сурвалж: http://www.zasag.mn/m/dornogovi/view/3221

Monday, October 14, 2013

Их нартын хамгаалалтын захиргаа ашиглалтад орлоо

Даланжаргалан, Айраг сумын нутагт байх Их нартын байгалын нөөцийн газар нь Монголын болоод дэлхийн байгаль орчны хамгаалах байгууллагууд, төрийн бус байгууллагууд, судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар байна. Өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгаль, ан амьтны унаган төрхийг хамгаалахын тулд гадаад дотоодын байгууллагын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа энэ газар долоон хүний бүрэлдэхүүнтэй Хамгаалалтын захиргаа энэ сарын 12-ноос албан ёсоор ажиллаж эхэллээ. Хамгаалалтын захиргааг байгуулахын тулд Дорноговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр 100 сая төгрөг, гурван хүний цалин, Хамгаалалтын захиргааны урсгал зардал болох 26 сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс олгосноор ажиллах хүчин, өдөр тутмын үйл ажиллагаа явуулах боломж бүхий иж бүрэн тоноглогдсон байрыг ашиглалтад хүлээн авчээ. Харин НҮБХХ- ын Суурин төлөөлөгчийн газраас хамгаалалтын захиргаанд фургон, мотоцикл бусад тоног төхөөрөмжийг гардууллаа. 
Энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Их нартын байгалын нөөцийн газрын Хамгаалалтын захиргааны үүргийг “Аргаль агнуур судлалын төв” ТББ-аар гүйцэтгүүлэх гэрээг БОНХ-ийн сайд Ё.Оюун, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар баталснаар БОНХЯ-ны ТХНУГ-ын дарга Т.Эрдэнэчимэг, Дорноговь аймгийн БОНХГ-ын дарга Д.Сүрэн, “Аргаль агнуур судлалын төв”-ийн захирал С.Амгаланбаатар нар хамтын гэрээнд гарын үсэг зурсан аж. Их нартын байгалын нөөцийн газрын менежментийн төлөвлөгөөг өнгөрөгч оны хоёрдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаанд боловсруулж бүх талуудын оролцоог хангасан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд нийт 150 гаруй хүний санал зөвлөгөөг тусгасныг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгааг Тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх төслийн Үндэсний зохицуулагч Б.Оюунтүлхүүр ярьлаа. 
Түүнчлэн Монгол оронд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааг байгуулахаар анхлан санаачилж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар хэлэлцүүлэн төсөв баталж орон нутгийнхаа иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагааг нь жигдрүүлж байгаа жишээ ганцхан Дорноговь аймгаас гарсанд НҮБ-ын Монгол суугаа суурин зохицуулагч Сезин Синаноглу Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатарт нээлтэд оролцохдоо тусгайлан баяр хүргэсэн юм.
Мэдээллийг: Дорноговь аймгийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс

“ИРГЭНИЙ ОРОЛЦОО-НУТГИЙН ХӨГЖИЛ” багц лекцэнд урьж байна



Орон нутгийн хөгжлийн түвшинг тодорхойлоход тухайн бүс нутгийн иргэдийн нийгэмд эзэлж буй байр суурь, харилцаа хандлагын үзүүлэлт чухал нөлөө үзүүлж байдаг. Тэр дундаа албан бусаар засаг захиргааны хамгийн бага нэгж гэж хэлж болох өрх гэр бүлийн хөгжил, амьдралын түвшин, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хандлага нь нийгмийн харилцааг бүрдүүлж байна гэж хэлж болно.Тийм учраас Монгол өрх гэр бүлд буй эмээ өвөө, эцэг, эх, үр хүүхэд, ах дүү нар болоод хүнээ хөгжүүлэх, сургах эрхэм үүргийг хариуцан ажилладаг багш нарын хоорондын харилцааны асуудалд анхаарал хандуулах, мэдээлэл өгөх, хооронд нь ойлголцуулах тал дээр ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэхүү үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар өнөөгийн нийгэмд иргэдийн оролцооны зөв хандлагыг төлөвшүүлэх боломж бүрдэх юм.

Зорилго:
Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдээллийг  иргэд олон нийтэд сурталчлах, хүүхэд хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эцэг эх, багш нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гэр бүлийн хоорондын харилцааны эерэг сөрөг талуудын талаар иргэдэд мэдээлэл өгөх, ухуулан таниулах

Хугацаа:  2013 оны 10 дугаар сарын 17-18-нд
Хамрах хүрээ: Сайншанд сумын ард иргэд, ЕБС-ийн багш нар, МСҮТ-ийн сурагчид   Ерөнхий зохион байгуулагч байгууллага: 
Аймгийн ИТХ, Иргэний оролцооны хэлтэс, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс
Хамтран зохион байгуулагч: АЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ

Зохион байгуулагдах үйл ажиллагаа:
-Ард иргэдэд “Монгол гэр бүл” лекц 2013.10.17-нд 17:00 цагт Саранхөхөө театрт
-Багш нарт зориулж “Боловсон багш - төлөвшсөн шавь” лекц 2013.10.17-нд 19:00 цагт Саранхөхөө театрт
-МСҮТ-ийн сурагчдад “Ирээдүйн эзэд ” сэдэвт лекцийг 2013.10.17-нд  14:00 цагт
-Сайхандулаан сумын эрчүүдийн өдөрлөгт “Төлөвшсөн эр хүн” лекцийг тус тус Үнэ төлбөргүй унших юм.
-Илтгэгч “Оюуны чадвар” төвийн тэргүүн лектор Г.Мөнгөн
Лавлах утас: 9990-1448, 9627-7229
Ард иргэд та бүхэн өргөнөөр хамрагдана уу.

Monday, October 7, 2013

Ажилд урьж байна

ЗҮҮН БҮСИЙН ЗОХИЦУУЛАГЧ
Мерси Кор Монгол байгууллага нь иргэдийн санаачлага, зах зээлийн харилцаанд тулгуурласан зарчмыг баримтладаг ашгийн бус, олон улсын төрийн бус байгууллага бөгөөд хөдөө орон нутаг дахь иргэдэд мэдээлэл олж авах, сургалт, санхүүгийн болон бизнесийн үйлчилгээ, зах зээлийг хөгжүүлэх тогтвортой механизмыг бий болгоход нь туслах зорилготойгоор Монгол улсад 13 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 
Бид Дорноговь аймаг дахь Бүсийн төвдөө "Бүсийн Зохицуулагч" шалгаруулж авна.

АЛБАН ТУШААЛЫН ЕРӨНХИЙ ТОВЧ ТАЙЛБАР
Аймаг орон нутаг хариуцсан зохицуулагчийн удирдлаган дор Бүсийн зохицуулагч нь Мерси Корын Аймгийн түншлэлийн идэвхжүүлэгч, Бүсийн зохицуулагч, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн түншүүдтэйгээ нягт холбоотой ажиллаж, МК-ын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. 

Тавигдах шаардлага
1.Сум, аймаг, үндэсний хэмжээнд түншүүдтэйгээ, Мерси Кор-ын бусад ажилтнуудтай хамтран ажиллах чадвартай;
2.Олон ажил зэрэг гүйцэтгэх чадвартай, хугацаанд нь ажлаа амжуулдаг, мэдээлэл өндөр хэмжээнд боловсруулах чадвартай
3.Бичгийн болон ярианы англи хэлний тодорхой мэдлэгтэй
4.Иргэний нийгэм, эдийн засаг, байгалийн нөөцийн менежементийн хөгжилд хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй
5.Бусадтай харьцах өндөр чадвартай
6.Багийн тоглогч байж чадах, хамтран ажиллах чадвартай
7.Шинэ санаа санаачлага гаргадаг
8.Мэргэжлийн ур чадвараа тогмол бэхжүүлэх, сурах, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх

Сонирхож байгаа хүмүүс өөрийн товч намтар, өргөдөл, их дээд сургуулийн дипломын хуулбар, тодорхойлох захидал (дор хаяж 2 хүний)-ын хамт 2013 оны 10 сарын 15-ны өдрийн 17:00 цагаас өмнө jobs@mn.mercycorps.org хаягаар болон  Дорноговь дахь Зүүн бүсийн төвд ирүүлнэ үү.

Монгол дахь Мерси Кор байгуууллагын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.mercycorps.org.mn хуудснаас авна уу. CV, өргөдөл бичих загварыг мөн эндээс авч болно. Зөвхөн сонгосон хүмүүстэй холбоо барих бөгөөд ажлын байранд хандан ирүүлсэн материалуудыг буцаан олгохгүй болохыг мэдэгдэе.

Утас: 11-461145, 9499-1215

Wednesday, October 2, 2013

Зуны гэр сувилалд хүүхдүүд хамрагдлаа

Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас өрхийн эрүүл мэндийн төвүүдээ түшиглэн тус сумын эмзэг бүлгийн болон жингийн дутагдалтай, өсөлтийн хоцрогдолтой 6 - 24 сартай нийт 23 хүүхдийг зуны гэр сувилалд 07 сарын 30-с 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд 10 хоногийн хугацаатай хамрууллаа.
Сувилалд өдөр бүр хөтөлбөрийн дагуу чийрэгжүүлэлтийн иллэг, массажийг 23 хүүхдэд, рахитны үлдэцтэй, зөөлөн эдийн гэмтэлтэй 7 хүүхдэд давхар бариа заслын үйлчилгээг мэргэжлийн эмчилгээний бариа заслын сувилагч дагнан хийсэн ба чийрэгжүүлэлтийн угаалга, /шар сүү, ясны шөл, хар цай/ нар, агаараар чийрэгжүүлэлт, элс, хайрган дээгүүр явуулах зэрэг чийрэгжүүлэлтийг тогтмол хийсэн. Мөн сувилалд хамрагдаж буй хүүхдүүдийн онцлогт тохирсон сувиллын 8 төрлийн хоол /тэжээлийн зутан, баяжуулсан бантан, сүүтэй будаа, тараг гэх мэт/-г 40 минут тутамд, хүүхдийн дархлаа сайжруулах, өсөлтийн амин дэм /куркума, аньсны үрэл, аскуртин/-ийг өдөр бүр хүүхэд тус бүрт 5мл-аар өгсөн. Тус сумын 4 багийн өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар хуваарийн дагуу эцэг, эхчүүдэд хүүхдээ асрах, сувилах /иллэг хийх, тэжээлийн хоол хийх, эмийн зохистой хэрэглээ гэх мэт/ сургалтыг өдөр бүр 40 минутын хугацаанд зохион байгуулан ажиллалаа. 
Гэр сувиллыг ажиллуулснаар эцэг, эхчүүдийн хүүхдээ асрах, сувилах эрүүл мэндийн боловсролын түвшин дээшилсэн ба хүүхдүүд нар, агаар, усаар чийрэгжиж, биеийн эсэргүүцэл сайжирч 10 хоногийн хугацаанд 100-600 грамм нэмэгдсэн үр дүн гарсан байна. 

Tuesday, October 1, 2013

Сайншанд хот-Иргэдийн дуу хоолойг сонсдог

Сайншанд сумын Засаг даргын Тамгын газраас улирал бүр зохион байгуулдаг “Хамтын санал-Хотын хөгжил 333” арга хэмжээ 9-р сарын 25-нд Нутагт хутагт Данзанравжаагийн нэрэмжит Саранхөхөө театрт болж өнгөрлөө. 
Иргэдийн санал бодлыг сонсож, төрийн үйлчилгээний нээлттэй байдлын илэрхийлэл болдог арга хэмжээнд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга, Агентлагийн дарга нар оролцож, иргэдээ урамшуулсан  юм. Уг уулзалтаар аймгийн Засаг дарга П.Ганхуяг хүнд нөхцөлд амьдарч байгаа Алтанширээ сумын 3-р багийн иргэн М.Түвшиндэлгэр,  Замын-Үүд сумын 3-р багийн иргэн У.Мягмаржав, Өргөн сумын 1-р багийн иргэн П.Дорждулам нарт гэр олгосон юм. Мөн Сайшанд сумын Засаг дарга Б.Батбаяр тус сумаас зарласан “Соёлч айл” болзолт уралдаанд идэвхитэй оролцсон иргэдэд өргөмжлөл, талархалыг гардуулсан юм. Арга хэмжээний үеэр агентлагийн дарга нар үйл ажиллагааны явцын талаар мэдээлж иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа. Мөн   аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуульзүйн хэлтсээс зөвлөгөө, мэдээлэл хийсэн бол Хөдөлмөрийн хэлтэс нээлттэй ажлын байранд иргэдийг шууд бүртгэх үйл ажиллагааг явуулсан юм. 
Сайншанд сумын засаг даргын тамгын газар нь дэргэдээ "Сайншанд хот сонсож байна" 7052-3737 дугаарыг ажиллуулдаг бөгөөд Иргэн өөрийн орон нутагт тулгамдаж буй асуудал, санал хүсэлт, гомдлоо энэхүү утсаар өгч болох юм.

Эх сурвалж: http://blog.dornogovi.gov.mn/

“Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын технологи” сургалтын нээлтийн арга хэмжээ аймгийн Хүүхдийн ордонд боллоо

МУ-ын Засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд нэг бүрийн авьяасыг нээн илрүүлж, хөгжүүлэхэд төр засгаас онцгой анхааран ажиллаж байгаа билээ. Аймгийн ЗДТГазар нь БШУЯам, Багш нарын мэргэжил дээшлүүлэх институттай  хамтран уг сургалтыг зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаа Хүүхдийн ордонд болсон бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Бөххүү нээж үг хэлсэн юм. Тэрээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид, сургалтын менежер, захирал, цэцэрлэгийн эрхлэгч нийт 700 гаруй хүнийг  хамруулан зохион байгуулж байгаа нь энэ хичээлийн жилийн онцлог үйл явдлын нэг болохыг онцолж байлаа. Түүнчлэн сургалтыг аймгийн 1-р сургууль, 2-р сургууль, 5-р сургууль дээр хуваарийн дагуу зохион байгуулж байгаа юм байна.
Эх сурвалж: http://blog.dornogovi.gov.mn