Дорноговь аймагт тавтай морилоорой

Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2013 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан билээ. Өнгөрсөн жилүүдэд Сайншандын ойролцоо орших Хамарын хийд, Хүслийн Хан Баянзүрх уулыг зорих дотоод гадаадын жуулчид 1 жилд 40мянга давдаг болоод байна.

Залуусын хот Сайншандад тавтай морилно уу

Дорнын говийн үзэсгэлэнт хот Сайншандад одоогоор 22,000 орчим хүн аж төрдөг. Тэдний 50 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Тиймээс Сайншанд яах аргагүй Залуусын хот билээ. Залуусын хот Сайншандад тавтай морилно уу.

Говийн үзэсгэлэнт хот - Сайншанд

Дорноговь аймгийн төв Сайншанд нь дэд бүтэц маш сайн хөгжсөн, Монгол улсын говийн бүсийн томоохон хотын нэг билээ. Сайншанд нь Монголын хотуудын холбооноос 2007 онд Хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот, Цэвэрч хот, 2011 онд Шилдэг менежменттэй оролцогч хот зэрэг шагналуудаар шагнуулсан билээ.

Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот

Сайншандад Хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барих шийдвэр гарснаас хойш Сайншандыг зорин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Сайншанд хот өртгийн хувьд Замын-Үүдээс арай доогуур, Чойроос арай дээгүүр өртөгтэй хот бөгөөд сүүлийн үед нийгэм эдийн засаг нэлээд ихээр өсч байгаа Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот билээ.

Фэйсбүүк дэх Дорноговь аймгийн бүлэгт нэгдэцгээе

Олон нийтийн Фэйсбүүк сүлжээнд Дорноговьчууд өөрсдийн аймгийн бүлгийг байгуулж, аймгийнхаа талаарх мэдээллээ солилцдог билээ. Та ч гэсэн нэгдэж аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн талаар саналаа солилцоорой. www.facebook.com/groups/dornogovi

Saturday, February 23, 2013

Жайка ОУБ-ын сайн дурын ажилтан нэгдсэн эмнэлэгт ажиллахаар боллоо


Япон улсын Жайка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан сувилагч Сувада Юри аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтэл мэс заслын тасагт 2 жилийн хугацаатай ажиллахаар Дорноговь аймагт хүрэлцэн ирсэн байна. 
Мөн аймгийн нэгдсэн эмнэлэг тун удахгүй эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийг нээн ажиллуулах юм байна. Түүнчлэн аймгийн нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн яамнаас хэрэгжиж буй төслөөр компьютер томограф, дуран аппарат ирж байгаа талаар аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Ц.Алтанцэцэг аймгийн Засаг даргатай уулзах үеэрээ танилцууллаа. 
Эх сурвалж: http://blog.dornogobi.gov.mn 

"Соёмбо цогцолбор" Усан луу жилийн шилдэг барилгаар тодорлоо

Монгол Улсын  аймаг, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэнд хотын хөгжил дэвшил, хот байгуулалтанд оруулсан нийгмийн бүтээн байгуулалт болох шилдэг барилга байгууламж, интерьер дизайн,  ландшафт төлөвлөлт, архитектурын жижиг элемент тохижилтын бүтээлүүдийг Төр засгийн удирдлагууд оролцсон Усан луу  жилийн “ШИЛДЭГ БАРИЛГА” –ыг өргөмжлөх нэр хүндтэй ёслолын арга хэмжээнд барилгын хөрөнгө оруулагч болон архитектор, зураг төслийн инженерүүдийг оролцуулан тэдгээрийг өргөмжилж алдаршуулах үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. 
Улсын хэмжээнд 12 шилдэг барилга шалгаруулснаас Дорноговь аймгийн Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэр дэх “Соёмбо” цогцолбор шалгарсан нь хөдөө орон нутагт хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон ажил болсны илрэл юм. 
Улсын хэмжээнд нийт 12 шилдэг барилга шалгарснаас хөдөө орон нутгаас Дорноговь болон Өмнөговь аймгаас бүтээл шалгарсан бөгөөд бусад нь Улаанбаатар хотоос шалгарсан.
Уг арга хэмжээнд Аймгийн Засаг даргын орлогч Ж.Галбадрах, аймгийн ерөнхий архитектор Г.Бат-Ирээдүй, ГХБХБГ-ын дарга С.Мөнхцэцэг, барилга угсралтын 
“Сондуулт-Эг” ХХК-ийн захирал Отгон баяр болон зураг төслийн гүйцэтгэгч нар оролцлоо.
Эх сурвалж: http://dornogobi.gov.mn/ 

Зургийг: Фэйсбүүк дэх Дорноговь аймгийн бүлгээс авав 

Thursday, February 21, 2013

Дорноговь аймаг “Хүмүүн бичиг” сонины захиалгаар тэргүүллээ


Хүмүүн бичиг сонины энэ оны нэгдүгээр улирлын захиалгын нэгдсэн дүнг, нэмэлт захилгын дүнтэй үндэслэн эцэслэн гаргажээ. Энэ удаад орон нутгаас Дорноговь аймаг Хүмүүн бичиг сонинг нэмэлт болон үндсэн захиалгаар нийт 800 орчим захиалж, тэргүүн байр эзэлж яваа амжилтаа баталсан байна. Харин удаах байруудад Баянхонгор аймаг 640, Дархан-Уул аймаг 564 захиалагчтайгаар  оржээ.

"Шинэ Монгол" радиог Дорноговьчууд хүлээн авч сонсч эхэллээ


Сайн байцгаана уу?. Эрхэм Дорноговьчуудаа. Монголын Үндэсний Олон Нийтийн Чөлөөт “Шинэ Монгол” радио шууд эфирээ эх орон даяар дамжуулаад багагүй хугацаа өнгөрч байна. 
Манай радиог шимтэн сонсдог олон сонсогчдын нэг Дорноговьчууд та бүхэндээ баярлаж байгаагаа илэрхийлж байна. Та бүхэн манай радиог Сайншанд хотод 103,5 болон DDISHTV-ийн радио 5-р сувгаар хүлээн авч сонсоорой. 
“Шинэ Монгол” радио “Шинэ Мянганыг ч шинэчилнэ”. 
Та бүхнийг хүндэтгэсэн Үндэсний Олон Нийтийн Чөлөөт 
“Шинэ Монгол” радио
Утас: 7010-1910 

Сайншанд хотод “SEA” саун шинээр нээгдлээ


Сайншанд хотын 3-р багт байрлах LUX зочид буудалд шинэхэн саун үйл ажиллагаагаа эхлүүллээ. Сайншанд хотод маань сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр суурилагдсан, зориулалтын, тохилог тухтай саун үнэхээр дутагдалтай байсан билээ. Энэ орон зайг нөхөн SEA саун нээгдсэн нь үнэхээр нүдээ олсон зүйл байсан юм. Толгойн болон бүтэн биеийн массаж, педикюр, маникюрыг давхар хийлгэх боломжтой. Мөн тус саун даралт ихтэй хүмүүст зориулсанг саунаар үйлчилж байна. Ирсэн хүн бүрт халуун кофегоор үйлчлэн, тухтай орчинд, өөрийн алжаал ядаргаагаа тайлах боломжийг SEA/Тэнгис/ саун танд олгож байна. Мөн хажуудаа Снукер биллярдыг ажиллуулж байгаа бөгөөд найз нөхөдтэйгээ хамт яваа бол энэ өрөөгөөр саатаарай. Саунд хэрэглэгдэх ванны хөөс, давс, биеийн тос зэргийг мөн худалдаалж байна.
 SEA саун Танд тав тухыг мэдрүүлнэ.
Хаяг: Дорноговь аймаг, Сайншанд хот, 3-р баг, Люкс зочид буудал дотор, SEA саун
Утас: 9662-2641 

Сайншандад чанартай "Хулдаасан хэвлэл" ажиллаж байна.


Бүх төрлийн хаяг, рекламны самбар, анонсыг таны хүссэн хэмжээ, загвараар төрөл бүрийн хулдаас, стикер дээр өнгө дизайны өргөн сонголттойгоор байнга түргэн шуурхай хэвлэж байна. Үнийн хувьд Улаанбаатар хотын ханштай адил /4 номер буюу хамгийн нимгэн хулдаас 1м2 нь 2500 төг, 3а номер буюу дундын хулдаас 1м2 нь 4500 төг, 2а номер буюу хамгийн зузаан хулдаас 1м2 нь 6000-6500 төг, сайн чанарын Стикер 1м2 нь 8000-10,000 төгрөг/, эх бэлтгэл үнэгүй.
Хаяг: Сайншанд хот, 3-р баг, Дорноговь зочид буудлын чанх урд 12 айлын орон сууц, Шанд гэгээ ХХК
Холбоо барих утас: 9633-1344, 9605-0963, 9667-2150, 9602-0920

Янзаган хүрээ буюу үрээ хайрлах ухаан


1976 оны намар улсын анчин Л.Чанравваанчиг гуайд нэгэн сонин явдал тохиолджээ. Өвгөн дарга аймагт зөвлөгөөнд оролцоод буцаж явжээ. Тэгэхдээ Мандах сумаар ороод тэндээсээ Хатанбулаг явж байж.
Мандахын даргаар үдүүлээд хөдлөхдөө жолоочдоо:
-Юмыг яаж мэдэхэв буугаа гаргачихаарай гэжээ. Замдаа жолооч нь зогсон дурандаж байснаа даргадаа дурангаа өгч:
- Хачин юм даа, овоо болгоны орой дээр зээр гараад зогсчихсон байх юм гэж. 
Хартал арай л өндөр гэсэн гэсэн болгон дээр намрын тарган ооно, сүвээ нь пялхалзсан шаргачин сэрийлдэн зогсож байх юм гэнэ.

Чанрав гуай ч хөдөлж зээрэнд харагдахгүйгээр дөхөж очоод явган явсаар өнгийжээ.
Тэгтэл юу харсан гэж санана. Тойрмын шалан дээр зээрийн олон янзага эрхэлж тоглон дугуйран хөөцөлдөж байх юм гэнэ.
Харваас юун буудах нь бүү хэл өхөөрдмөөр ажээ. Янзагаа тоглог гэсэн шиг тойрмын эргэн тойрныг бараачлах өндөрлөг газар болгон дээр томчуул нь харуулд гарсан нь тэр ажээ.

Чанрав гуайн санаанд нэгэн өвгөн анчин: -Говийн цагаан бор зээрийн янзаган хүрээ намар болдог юм. Хэр баргийн хүнтэй дайралддаггүй ховор эд дээ хүүхээ. Дайралдсан хүн аз жаргалтай урт насалдаг юм гэж хэлсэн үг санаанд оржээ.
Энэ тухай жолоочдоо хэлээд хоёул сэмхэн бууж нутгийн зүг жолоо залжээ.Энэ тухай Л.Чанравваанчиг гуай: Би тийм олон хурга ишиг шиг зээрийн янзага үзээгүй болоод ч тэрүү их хөөрхөн юм билээ. Тэр өдөр сэв хийх салхигүй сайхан өдрийг ч хэлэх үү. Нэг ёсны зээр хүртэл хүн шиг хүүхдийн баяр хийдэг шиг үр төлөө ганц өдөр баярлуулда юм билээ..
Үүнийг говьчууд янзаган хүрээ гэдэг юм. Би одоо санаж байна. Тэр өдөр 1976 оны 9-р сарын 17-18 л байсан. Намайг Мандах суманд очиход сум нэгдлийн дарга нь хоёр гурав хоногийн өмнө унага тамгалсан гээд айраг өгч байсан юм.

Сүүлд нь хоёр гурав хоногийн дараа айлаар явж байгаад янзага хөөцөлдөж байсан тойром дээр очиход нүүсэн айлын уяаны ором шиг дугуй хүрээ татчихсан байсан. Янзага хөөцөлдсөн дугуй тойром мөрөөр нь говьчууд янзаган хүрээ гэж хэлсэн ч байж магадгүй гэж ярьсныг нь 1999 оны 9-р сарын 9-ны таван ес давхцсан өдөр Дорноговь аймгийн “Цаасан шувуу” сонины редакцийн өрөөнд тэмдэглэв.

Эх сурвалж: Б.Төмөрпүрэв "Тавин жил хүнтэй нөхөрлөсөн хэрээ" номноос...

Говийн Догшин ноён хутагтын ес дэх дүр Дорноговиос тодорчээ

Говийн Догшин ноён хутагт Данзанравжаагийн хойд дүр Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас тодорсныг орон нутгаас манайд мэдээллээ. 


Ноён хутагт Данзанравжаа гийн мэлмий нээсний 210 жилийн ой тохиож буй түүхэн үетэй давхцан V ноён хутагтын төрсөн нутгаас тодорсон ес дэх дүр болох Отгоннамжилын Угтахбаяр 26 настай аж. 



Тэрбээр Улаанбаатарт Шашны дээд сургууль дүүргээд, Хамарын хийдэд шавилж, улмаар Энэтхэг улсад номын дуу сонсож, бурхан шашны номд нэвтэрсэн нэгэн бөгөөд Далай багш 400 гаруй хүнээс шигшин тодруулжээ. 



Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг тэргүүтэй хүмүүс ирэх мягмар гариг буюу 26-нд Энэтхэгийг зорьж, Ноён хутагтын ес дэх дүрийг Далай багшид бараалхуулан адис, абшигийг нь хүртээсний дараа энэ тухай сайхан мэдээллийг албан ёсоор олны сонорт хүргэх юм байна.



Д.Оюун 
Эх сурвалж: http://news.gogo.mn/r/118806

Ачааны машин зарна

2002 оны чингэлэгтэй бонго фронтер, кузовтой фронтер, 2004 оны бонго 3 ачааны зориулалттай Монголд яваагүй, номер аваагүй машинуудыг үнэ тохирч зарна.

Утас: 9616-3097, 9660-8183 

Зарлал


Дорноговь аймгийн "Манлайлагч иргэд" ТББ-аас "Сайн засаглалд иргэдийн оролцоо" сургалтанд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

2013 оны 2-р сарын 28-ны 10 цагт Ахмадуудад,
2013 оны 3-р сарын 2-ны 10 цагт Эмэгтэйчүүдэд
2013 оны 3-р сарын 3-ны 10 цагт Залуучуудад зориулан явуулах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.
Сургалт: Сайншанд хот, 3-р баг, 12 худалдааны төвийн Сургалтын танхимд болно.

 Лавлах утас: 9811-3082, 9302-7094
и-мэйл: manlailagch_irged@yahoo.com 

Tuesday, February 19, 2013

Равжаа хутагтын сургааль

Говийн 5-р ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн хүний амьдралд ухаарал хайрласан маш гоё сургаалиудыг хүргэж байна. 
Та бүхэн татаж авч өөрийн амьдралдаа мөрдлөг болгоорой...

Monday, February 18, 2013

Малчин өрхүүдээ эргэлээ


2013 оны 01 сарын 14-21-ний өдрүүдэд Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр, сумын засаг даргын орлогч, багийн засаг дарга, малын эмч, хүний эмч, жолооч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг малчин өрхүүдээ эргэн тойролтоор ажиллаа. Энэ хугацаанд Сайншанд сумын нийт 115 малчин өрхөөр орж хаваржилтын байдалтай танилцан, малчин өрх бүрт буцалтгүй тусламжаар 2 боодол өвс, 5кг будаа, 1 ширхэг цай олголоо. Тойролтоор ажиллах  хугацаанд төр засгийн бодлого шийдвэр, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж хэрэгжүүлэх, хамтран ажиллах ажлуудыг сурталчилан танилцууллаа. Нийт нутгаар цас багатай дулаахан, өвөлжилт хүндэрсэн зүйлгүй цаг сайхан байна.
Мал тэжээвэр амьтдын улсын тооллогын мэдээнээс харахад тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа таван төрлөөрөө өссөн байна. Нийт 68141 мал тооллогод хамрагдлаа.

“Хамтын санаа хотын хөгжил”-д иргэдийн оролцоо чухал


Сайншанд сумын ЗДТГ-аас 2013 оныг “Эгэл таны оролцоотой Элгэмсэг хотоо хөгжүүлье” зорилго тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан энэ оны эхний улирлын арга хэмжээ 01 сарын 23-ны өдрийн 15 цагт Саранхөхөө театрт зохион байгуулагдаж тус нээлттэй уулзалтанд Сайншанд сумын иргэд хөдөлмөрчид өргөнөөр хамрагдлаа. 

Нээлтийн үеэр Сайншанд сумын ИТХ-ын дарга Т.Ганбаатар,Сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Батбаяр “Хөгжлийн төв Сайншанд” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн болон 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд танилцуулсан юм. Тус арга хэмжээний үеэр иргэдийн санал хүсэлтийг авч, холбогдох албан хаагчид хариулт өгсөн бөгөөд цагдаагийн байгууллага, нийгмийн даатгал, халамж үйлчилгээний хэлтсээс иргэддээ мэдээлэл өгч санал хүсэлтээ солилцлоо. Эдгээр ажлуудаас дурьдвал ард иргэдээ түлхүү дэмжсэн алс ирээдүйгээ харсан бодлогыг хэрэгжүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлэн “Хөгжлийн төв Сайншанд” тогтвортой  хөгжлийн хөтөлбөрийг 2012-2016 онд бүрэн хэрэгжүүлэн ажиллахаар болсноо мэдэгдсэн юм. 

Мөн залуу гэр бүлүүдэд зориулсан нийтийн байр төслийг хэрэгжүүлэх, Нийтийн биеийн тамирын задгай талбай, хөл бөмбөг тоглоомын талбай, Аж үйлдвэржсэн Сайншанд Үйлдвэр хөгжүүлэх бодлого, аж үйлдвэрийн цогцолбор барих ажлыг эрчимжүүлж шатахууны үнийг улсын дунджаас доогуур байлгах, үнийг тогтворжуулах бодлого барин малын гаралтай түүхий эд үйлдвэр байгуулах санал санаачилгыг дэмжиж ажиллах тухай мэдээлэл өгсөн юм.Түүнчлэн утааны асуудал ганц Улаанбаатарт биш хөдөө орон нутгуудад хар бараан сүүдрээ тусган нөлөөлж байгаа учраас утаагүй Сайншанд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хотын утааг багасгах тухай хотын захирагч арга хэмжээ аван ажиллана гэдгээ онцолж байлаа. 

Цаашид иргэд төвтэй засаглалыг бэхжүүлэхийн тулд иргэдийн оролцоог төрийн үйл ажиллагаанд оруулах зорилгоор иргэний танхим байгуулан сарын бүрийн 3 дахь долоо хоногийн 15 цагт уулзалтуудыг шат дараалалтай зохион байгуулж байхаар болсон байна. 

Сайншанд сумын Засаг даргын тамгын газар 

Ахмадууд аваргаа шалгарууллаа


Сайншанд сумын ахмадын хорооноос “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн сар шинийн баяр угтаж ахмад настаны дунд шатар, зуун буудалт даамны Сумын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 26-нд амжилттай зохион байгууллаа. Уг тэмцээнд 33 ахмад тамирчид оролцсоноос 3-р багийн ахмад настан Н.Цагаан-өвгөн шатар, даамны төрөлд 1-р байр, Г.Батбаяр, С.Ишиг 2-р байр Б.Гомбожав, Н.Батмөнх 3-р байр эзлэв. Эмэгтэй төрөлд 4-р багийн ахмад настан Н.Дуламсүрэн, М.Тумбааш нар 1-р байр, О.Дашням, Ц.Лхамсүрэн нар 2-р байр, М. Тумбааш, Ц.Лхамсүрэн нар 3-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Тэмцээнд идэвхи санаачилгатай оролцсон ахмад настнууддаа талархал илэрхийлье.                                                              
                                                                Сайншанд сумын ахмадын хорооны дарга Ч.Сүрэнжав

Хурдан морьдын бооцоот уралдааны эргэн тойронд...


Сайншанд сумын “Найрамдал” хотхонд төвлөрсөн “Найрамдлын хүлэгч” уяачдын Ц.Гантулга тэргүүтэй галын хамт олон “Хутагтын хурд” бүсийн уралдааныг угтсан хурдан морьдын бооцоот уралдааныг зохион байгууллаа. Дээд гурван насны хурдан морьдын уралдаанд Алтанширээ, Иххэт, Айраг, Өргөн, Эрдэнэ, Сайншанд сумдын уяачдын сойсон 150 орчим хурдан хүлэг тоосоо өргөлөө. 10 км уралдсан 46 азарганаас Сайншанд сумын уяач Н.Отгонбаатарын хээр түрүүлж, Өргөн сумын харьяат Л.Цагаандалайн хонгор аман хүзүүдэж, Алтанширээ сумын Д.Ишлодойн хүрэн будан, Сайншанд сумын Н.Мөнх-Эрдэний зээрд халзан, Алтанширээ сумын Ц.Сайнбуянгийн зээрд айргийн тавд хурдаллаа. 

12 км уралдсан Их насны 50 шахам хурдан хүлгүүдээс Айраг сумын Н.Батжаргалын хүрэн түрүүлж, Эрдэнэ сумын Н.Отгонжаргалын хонгор халзан аман хүзүүдэж, Сайншанд сумын Н.Шаравдоржийн хонгор халзан, Өргөн сумын Ё.Түвшинбаярын хүрэн, Иххэт сумын Н.Төмөрбаатарын хээр айрагдлаа. 10 км уралдсан 43 соёолон морьдоос Сайншанд сумын Ж.Хоролсүрэнгийн хул түрүүлж, Алтанширээ сумын Ц.Сайнбуянгийн халиун аман хүзүүдэж, Алтанширээ сумын Д.Ишлодойн хар, Сайншанд сумын Н.Билэгтийн алаг, Сайншанд сумын Н.Очирын хүрэн айрагдаж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа. Гурван насны хурдан хүлгийн 15 айраг түрүүнээс, Айраг сум 1 түрүү, Сайншанд сум 2 түрүү, 4 айраг, Алтанширээ сум 4 айраг, Өргөн сум 2 айраг, Эрдэнэ сум 1 айраг, Иххэт сум 1 айраг авч “Хутагтын хурд” бүсийн наадамд бэлтгэл сайтай байгаагаа харуулж мөнгөн шагнал, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлийг тус тус хүртэв.

Нас бүрийн хурдан морьдын уралдааныг 50-60 машин дагаж, эмч эмнэлэгийн машин байхгүй, Хүүхдийн төлөө газраас төлөөлөгч харагдаагүйг хойшид анхаарч зохицуулах шаардлагатай байна. "Хутагтын хурд" хурдан морьдын уралдаан, Хаврын тэргүүн сарын шинийн тодорхой өдрүүдэд газар газар болох уралдаануудад уяачид хурдан хүлэгээ хэдийн сойж эхэлжээ.
Сэтгүүлч М.Чулуун(Өнөөгийн Дорноговь сонин)

Сар шинийн нэрэмжит бөхийн барилдаан боллоо


 
Тийн ялгуусан хэмээх Усан могой жилийн Сар шинийн барилдааныг Дэчинчойнхорлин хийдээс 5 дахь жилдээ зохион байгууллаа. Уг барилдаанд Аймгийн арслан Т.Буянжаргал, Н.Чинзориг, Аймгийн харцага Б.Баттулга, Н.Үүрцайх, Д.Энхбаяр, Аймгийн заан Ж.Батзориг, Аймгийн начин Д.Баатархүү, М.Идэрбаяр, Ч.Энхбаатар, Сумын заан Н.Соёл-Эрдэнэ нарын хүчит 32 бөх барилдсанаас шөвгийн дөрөвт Аймгийн арслан Т.Буянжаргал, Н.Чинзоригт, Б.Баттулга, Д.Дорждагва нар үлдэж Аймгийн арслан Т.Буянжаргал түрүүлж, Аймгийн харцага Б.Баттулга үзүүрлэлээ. Шөвгийн дөрвөн бөхийн шагналыг Дэчинчойнхорлин хийдийн хамба лам н.Болор-Эрдэнэ, АИТХ-ын дарга Г.Ганбаатар нар гардууллаа. Тус барилдааны үеэр Аймгийн 2012 оны шилдэг тамирчны шагналыг Аймгийн арслан Н.Чинзоригт, Чөлөөт бөхийн спортын мастерын цолыг М.Идэрбаяр нар хүртлээ.

Сэтгүүлч: М.Чулуун("Өнөөгийн Дорноговь" сонин)