Дорноговь аймагт тавтай морилоорой

Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2013 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан билээ. Өнгөрсөн жилүүдэд Сайншандын ойролцоо орших Хамарын хийд, Хүслийн Хан Баянзүрх уулыг зорих дотоод гадаадын жуулчид 1 жилд 40мянга давдаг болоод байна.

Залуусын хот Сайншандад тавтай морилно уу

Дорнын говийн үзэсгэлэнт хот Сайншандад одоогоор 22,000 орчим хүн аж төрдөг. Тэдний 50 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Тиймээс Сайншанд яах аргагүй Залуусын хот билээ. Залуусын хот Сайншандад тавтай морилно уу.

Говийн үзэсгэлэнт хот - Сайншанд

Дорноговь аймгийн төв Сайншанд нь дэд бүтэц маш сайн хөгжсөн, Монгол улсын говийн бүсийн томоохон хотын нэг билээ. Сайншанд нь Монголын хотуудын холбооноос 2007 онд Хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот, Цэвэрч хот, 2011 онд Шилдэг менежменттэй оролцогч хот зэрэг шагналуудаар шагнуулсан билээ.

Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот

Сайншандад Хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барих шийдвэр гарснаас хойш Сайншандыг зорин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Сайншанд хот өртгийн хувьд Замын-Үүдээс арай доогуур, Чойроос арай дээгүүр өртөгтэй хот бөгөөд сүүлийн үед нийгэм эдийн засаг нэлээд ихээр өсч байгаа Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот билээ.

Фэйсбүүк дэх Дорноговь аймгийн бүлэгт нэгдэцгээе

Олон нийтийн Фэйсбүүк сүлжээнд Дорноговьчууд өөрсдийн аймгийн бүлгийг байгуулж, аймгийнхаа талаарх мэдээллээ солилцдог билээ. Та ч гэсэн нэгдэж аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн талаар саналаа солилцоорой. www.facebook.com/groups/dornogovi

Tuesday, March 5, 2013

З.Баянсэлэнгэ Дорноговь аймагт ажиллаж байна

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга З.Баянсэлэнгэ ахлагчтай Ажлын хэсэг гуравдугаар сарын 04-06-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Соёл, спорт, аялал, жуулчлал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамдын газрын дарга, мэргэжилтнүүд болон бусад албаны хүмүүс багтжээ.

Ажлын хэсгийн зорилго нь Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд харьяалагдах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд явагдаж байгаа эсэх, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг тодорхойлох аж.

Ажлын хэсэг аймгийн Боловсролын газар, Нийгмийн даатгал, Нийгмийн халамж үйлчилгээ,  Хөдөлмөрийн хэлтэс болон Соёлын хэлтэс, харьяа урлаг, соёлын байгууллага, Эрүүл мэндийн газруудын үйл ажиллагаатай танилцахаар төлөвлөсөн байна. Мөн аймгийн удирдлага, хэлтэс, албадын дарга, ажилчидтай уулзаж санал бодлыг сонсохын зэрэгцээ цаашид төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцох юм. 

Эх сурвалж: http://open.parliament.mn/

Saturday, March 2, 2013

Сайншанд цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, шийдвэрлэсэний нэг нь Сайншанд цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх хөрөнгийг гаргахаар боллоо.
“Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөн зохион байгуулахыг  Засгийн газрын хуралдаанаас  Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Тус цогцолборын 2013 онд хийгдэх байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 14 тэрбум 100 сая төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрлөө.
Ил уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах зорилгоор байгуулж байгаа аж үйлдвэрийн анхны цогцолборын эхний энэ хөрөнгө оруулалт болоод хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг салбарын сайдад даалгасан байна.
                                                                                                                                                                      Эх сурвалж: www.zasag.mn

Элгэмсэг хот Сайншандад тавтай морилоорой[илтгэл]


Илтгэгч: Аймгийн Ардчилсан намын дэд дарга Жамбалгаравын Галбадрах

Эрхэм хатагтай ноёд оо
Хутагтын нутгийн хийморьлог зон олон та бүхнийхээ энэ өдрийн амар мэндийг айлтган мэндчилье

Ардчилсан намаас зохион байгуулж буй Монгол хүн 2020 хэлэлцүүлгийн хүрээнд хийж байгаа Эдийн засгийн хувьсгал  цуврал лекцийн арга хэмжээнд хүрэлцэн ирж орон нутгийнхаа хөгжлийн чиг баримжаа маргаашийн төлөв, хэтийн бодлогын талаар сонирхохоор ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 
Юуны өмнө миний зүгээс та бүхэнтэйгээ саналаа хуваалцан танилцуулах сэдэв бол Элгэмсэг хот Сайншандад тавтай морилоорой. Энэ нэр томьёололыг бид 2009 оноос хэрэглэж өнөөдөр Дорноговьчууд маань төдийгүй монголчууд маань ч энэ нэр, энэ ойлголтыг мэддэг болсон бизээ. 
Энэ бол Сайншанддаа аялал жуулчлалыг хөгжүүлэх бидний зорилгын эхлэл байсан юм.
Ноён Хутагт маань Далай Сайншанд хожмын өдөр олон хэлийн түм буман хүн цугларсан их хөлийн газар болно гэж айлдсаныг бүгдээрээ эргэн дурсацгаая. 
Тиймээ энэ газар орон бурхнаас бидэнд заяасан агуу өвөг дээдсийн маань үлдээсэн ариун дагшин нутаг билээ. 
Өнөөдөр улсынхаа төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд орж дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн том аваргууд сонирхож судалдаг тийм л олон хэлийн түм буман хүн зочилдог сонирхдог хүсэж мөрөөддөг бүс нутаг болоод байна.
Бид 2008 онд Ардчилсан засагаа байгуулж мөрийн хөтөлбөр зорилго зорилтоо тодорхойлохдоо Сайншанд, Замын үүдийг эн тэргүүнд хөгжүүлэх, ирээдүйд улс орны Хөгжлийн төв, Эдийн засгийн өсөлтийн үүд хаалга болох ёстой гэсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлж байгаа билээ. 
Сайншанд бол Алтан байршил гэж МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан манай аймагт ажиллахдаа онцолсныг энд хэлэхэд үнэхээр бахархамаар байна. 
Аливаа бизнесийн амжилттай өсөн цэцэглэх нэг гол зүйл бол байршил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Дэлхийд нэртэй үл хөдлөх хөрөнгийн бизнесмэн сурвалжлагчийн асуусан таны амжилтийн үндэс юу вэ гэсэн  асуултанд БАЙРШИЛ, БАЙРШИЛ БАЙРШИЛ гэж хариулсан байдаг. 
Сайншанд бол тэр л чухал байршил дээр байгаа гэдгийг бүгдээрээ мэдэрч эхэлж байна. Байршил бол бидний хамгийн том давуу тал. Дэд бүтэц, байгалийн баялаг, газар зүйн онцлог, хамгийн их хүн амтай, том эдийн засагтай улсын хөрш гээд олон боломж давуу талууд өнөөдөр Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, төмөр замын төв зангилаа болох  бодлогын эх үндэс болсон билээ. Агуу их өвөг дээдэсдээ дахин дахин үнэн сэтгэлийн талархал илэрхийлье.
Манай Сайншанд хот Улаанбаатар хотоос 456 км, БНХАУ-ын Эрээн хотоос 239 км зайд оршдог, харилцаа холбооны бүх сүлжээнд холбогдсон, Ази, Европыг холбосон төмөр зам, бүс нутгийг хөгжүүлэх автозамын босоо тэнхлэг дээр оршдог зэрэг нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд түлхэц болох томоохон боломж, давуу тал юм. 
Хатуу зөөлөн дэд бүтцийн хувьд Монгол улсын хэмжээнд харьцангуй сайн хөгжсөн бүс нутаг билээ.
Өнөөдөр би энд энэ чухал байршил энэ боломжуудыг ашиглаж орон нутгийнхаа эдийн засгийг тодорхой хэмжээнд тэтгэх, иргэдээ орлоготой, ажилтай байлгах, ая тухтай амьдрах орчинг бий болгох, хүмүүс Сайншандруу аялах, жуулчлах хүсэл тэмүүллийг бий болгох талаар санаагаа та бүхэнтэйгээ хуваалцах юм. 
Аялал жуулчлал нь байгаль, нийгэм соёлын өвөрмөц хэв загварт тулгуурлан явагддаг үйлчилгээний бизнес юм. 

Дэлхийн ихэнхи улс орнуудын практик туршлагаас харахад аялал жуулчлалаар дамжуулан байгаль хамгаалах, аялал жуулчлалаас орон нутгийн иргэдийн амжиргаанд нөлөөлөх, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, даяарчлагдаж буй өнөөгийн цаг үед түүх- соёлын өвөө авч үлдэх хамгийн сонгодог арга, хэлбэр нь аялал жуулчлалыг хөгжүүлэх явдал юм гэж үзэх хандлага ажиглагдаж байна. Тухайн орон нутагт аялал жуулчлалыг хөгжүүлснээр аялал жуулчлалаас олох орлого орон нутгийн төсөвд шууд ордогоороо онцлогтой. 

Сүүлийн үед аялал жуулчлалын салбар нь Дэлхий дахинаа "утаагүй үйлдвэрлэл", "үл үзэгдэгч экспорт" гэх мэт сонгодог утгаараа хөгжиж байна.
Үйлдвэржүүлэлтийн үеийн дараа олон хөгжиж буй орнууд орлогоо нефть, алт мөнгө, зэс гэх мэт байгалийн баялгаасаа олохоос гадна софтвэйр, мэдээлэлийн технологи, аялал жуулчлал гэх мэт үйлчилгээний салбараас олох болсон байна. Үүнээс олон орон аялал жуулчлалыг өөрийн хөгжлийн гол салбар болгон хөгжүүлж байна. Яагаад аялал жуулчлал ингэж ирээдүйтэй салбарт тооцогдох боловоо гэвээс аялал жуулчлалын салбарт эргэлдэх хөрөнгө болон жуулчидын тоо жилээс жилд тасралтгүй өсөж байна.
Дэлхийн аялал жуулчлалын салбарыг нэг том бялуу гэж үзэх юм бол одоо энэ бялуунаас ахиухан хэрчим хүртэх гэсэн улсууд өөрсдийн бодлого, төлөвлөгөөгөө боловсруулан өрсөлдөх болжээ. Одоогоор энэ бялуунаас хамгийн их хувь хүртэж байгаа орнууд бол АНУ, Герман, Австри, Франц, Англи, Швецарь, Итали, Австрали, Япон эхний хэдэд орж байгаа бөгөөд эдгээр улсууд өөрсдөө ч гадагшаа их жуулчид явуулдагтайгаа адил дотоододоо ч их жуулчин хүлээн авдаг учраас бялуунаас хүртэх хувь их байгаа. Сайншандчууд бид ч энэ том бялуунаас ахиуханыг хүртэж амьдрал ахуйгаа дээшлүүлэх хэрэгтэй
Манай улсын хувьд 2011 оны байдлаар аялал жуулчлалын салбарын нийт орлого 280 гаруй сая ам.долларт хүрч дотоодын нийт бүтээгдэхүүний 5 орчим хувийг эзэлж байгаа төдийгүй, энэ салбарт 25 мянга орчим ажлын байр бий болгосон байна. 
Манай аймагт дотоодын болон шашин мөргөлийн, эмчилгээ сувилгааны аялалууд эрчимтэй  хөгжих хандлагатай байна. Хамарын хийдийг зорих гадаад дотоодын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж,  жилд дундажаар 40-н мянга гаруй жуулчин ирж байгаагийн 80 гаруй хувь нь дотоод,  20 гаруй хувь нь гадаадын жуулчид байгаа юм. 2007-2011 онд Хамарын хийд, Шамбалын орон, Хүслийн уул чиглэлд 200.0 гаруй мянган жуулчин ирсэн байна.

Аялагчдын тоо /Сүүлийн 5 жилээр/

10820 жуулчнаар нэмэгдсэн
Аялал жуулчлалын бодлогын хувьд: 
Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Дорноговь аймгийг 2011-2021 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө,  Төвийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр, аймгийн Засаг даргын “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөр, Аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгийн хүрээнд аялал жуулчлалын салбарыг өөрийн аймагтаа хөгжүүлэх  ажлыг бид зохион байгуулж байна.
Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хэмжээг нэмэгдүүлсэн.


Боломж нөөцийн хувьд: 
Улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай шашин мөргөлийн,  түүх соёлын дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Шамбалын орон,  Хамарын хийд, Хүслийн уул, Гайхамшигт сонин гойд тогтоцоороо алдаршсан Говийн бага дархан цаазат газар, Их богдын цагаан сүлдний тахилга үйлдэж ирсэн Сүлдэн хөх толгой, Эргэлийн зоо, Хутаг уул, Сүйхэнтийн хад, Цонжийн чулуу, Их нартын хад, Загийн ус,  Гуа- Тээг уул, Бурхант уул, Бүрдэний хөндий, Хашаатын говь зэрэг   газрууд нь гадаад дотоодын жуулчдын  сонирхлыг татсан аялал жуулчлалын томоохон бүс болон хөгжих боломжтой юм.
     Бид Элгэмсэг хот Сайншанддаа жуулчдыг тав тухтай аялуулахын тулд юу хийв, цаашид юу бүтээж,  яаж ажиллах вэ?
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Тэмээний баяр, Тэмээн Пологийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2 жил тутамд,  Шамбалын ерөөл тавьсан тэмдэглэлт ойг 2007 оноос хойш жил бүрийн 9 сарын 10-нд тус тус зохион байгуулсаар ирсэн нь жуулчид, мөргөлчдийг тодорхой зорилготой төлөвлөгөөтэй аялах боломжийг бүрдүүлсэн ажил боллоо гэж үзэж цаашид өргөжүүлэхээр төлөвлөж байна. Өвлийн аялал жуулчлал манайд хөгжих боломжууд байна. Сайншанд  бусад газруудыг бодвол өвөлдөө харьцангүй дулаан өвлийн спорт, спорт агнуурыг хөгжүүлж болох юм.
Нэрт соён гэгээрүүлэгч ноён хутагт Данзанравжаагийн байгуулж байсан Өвгөн суварга их шүтээнийг түүх, соёлыг хүндэтгэн дээдлэгч байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдийн дэмжлэгийг авч   2011 онд шинээр сэргээн байгуулсан нь  аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болж байна.
2013 онд Ноён хутагтын маань мэндэлсний 210 жилийн ой тохионо. Бид үүнийг маш өргөн дэлгэр тэмдэглэж дэлхий дахинаа Аймаг орон нутгаа сурталчлах сайхан боломж бүрдэнэ. Бүр Хутагтын сүншигтэй Дорнын говийг нээх жил, Дорнын говиор аялах жил болгон эртнээс зарлах хэрэгтэй. Үүнд маш олон жуулчин ирнэ.  Үүнийг угтаж жуулчин хүлээн авах хүчин чадлуудаа нэмэгдүүлэхэд төр хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлье.  Хамрын хийд дээр байгаа гэр буудлуудаа сайжруулья, үйлчилгээгээ сайжруулья, зочид буудлуудаа нэмэгдүүлье.
Манайх руу зорих шашин мөргөлийн, соёлын аялал жуулчлал жил ирэх тусам хүрээгээ тэлж хөгжиж байгаа. Үүнийг улам эрчимжүүлье.

Өнөөдөр Сайншанд хотод: 

Мөн Сайншанд хотод амралт зугаалга аялал жуулчлалын зориулалт бүхий Дорноговь 80 цогцолборын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна.
Үүнд: 
Үйлчилгээний төв, Зочид буудал, Зоогийн болон Цэнгээний газар, 
Дорноговийн байгалийн болон түүхийн 9 гайхамшгийн жижигрүүлсэн хувилбар
Хөшөө дурсгалууд 
Амралт зугаалгын талбай, ногоон байгууламж, нуур цөөрөм зэргийг байгуулах юм
Ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг Хөвсгөл сумын Шувуун шандад  биет хэмжээгээрээ Дэлхийд 2 дугаарт, Монгол улсад 1 дүгээрт орох хэмжээний суварга, их  шүтээнийг бүтээж ашиглалтанд оруулахад бэлэн болоод  байна. Чингис хааны цагаан сүлдийг тахиж байсан түүхт Сүлдэнэ хөх овоонд аялал жуулчлалын цогцолборыг барьж байгуулахаар төлөвлөн зургын ажилдаа ороод байна. 
Хүслийн уул Хан Баянзүрх хайрханы орчмыг тохижуулж шат, гүүрийн ажлуудыг хийлээ.
Сүсэгтэн олныхоо хүсэлт дэмжлэгээр Ноён Хутагт Данзанравжаагийн хүрэл хөшөөг барьж бүтээлээ
Орон нутгийн гар урчууд болон хоршоодыг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, жуулчдад зориулсан бэлэг дурсгалын зүйлсийн нэр төрлийг нэмэгдүүлэх зорилгоор аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн шалгаруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулаад байна. 
Мөн  аялал жуулчлалын бүтээгдэхүүн, чиглэл маршрутыг  нэмэгдүүлэх зорилгоор аймгийн байгалийн болон түүхийн 9 гайхамшгийг  тодруулж, Монгол улсын хэмжээнд сурталчлах ажлыг зохион байгуулж байна. 
Монгол улсын аялал жуулчлалын томоохон төв болон хөгжиж буй Хамарын хийд-Шамбалын орон- Хүсэлийн уул чиглэлд 42 км хатуу хучилттай автозам барих ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эхлүүлээд байна. 
Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ бүс нутгийн хот байгуулалт, эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна. 
БНХАУ-ын жуулчдыг татах зорилгоор Замын үүд суманд аялал жуулчлалын цогцолбор байгуулах судалгааг БОАЖЯамны санхүүжилтээр хийж зураг, төслийг бэлэн болголоо.
Бидэндтэй хөрш Эрээн хотод жилд 1,3сая гадаад дотоодын жуулчин аялсан ба үүнээс 500 мянган дотоодын жуулчин аялсан нь бид Замынүүд хилийн боомтоор аялах өдрийн жуулчны асуудлыг шийдвэрлэж улмаар Сайншандруу аялуулах боломж нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй юм. 
Чойр Сайншанд Замын Үүд чиглэлийн авто зам Сайншанд Хамрын хийдийн авто зам ашиглалтанд орчихвол Сайншандын аялал жуулчлалд бас нэг том боломж давуу тал бий болох юм.  Монголд ирсэн жуулчдын хувьд хамгийн том бэрхшээл бол дэд бүтэц тэр дундаа замын асуудал гэж үздэг. Тиймээс бид хамгийн түрүүнд зам харилцаандаа гол анхаарлаа хандуулж байна, цаашид Зүүнбаян, Хөвсгөл, Хатанбулаг чиглэлийн замыг барих шаардлагатай. 
Дорноговь аймагт төмөр замын зангилаа, хүнд аж үйлдвэрийн цогцолбор төв болох бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа энэ үед бидний эдийн засгийн өсөлтийн бас нэг гол салбар бол аялал жуулчлал болох нь дамжиггүй юм. Сайншанд хот нь аялал жуулчлалын нөөц ихтэй, ирээдүйд TOURIST DESTINATION болох боломжтой бүс нутаг юм.
Цаашид өртөг бага шингээж баялаг бүтээдэг ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлдэг аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор дараахи ажлуудыг зохион байгуулахаар ажиллаж байна.
•    Аялал  жуулчлалын  чиглэлээр  гадаадын  томоохон  компаниудын  хөрөнгө  оруулалтыг  татах 
•    Аялал  жуулчлалын  маршрутын  дагуух авто  замыг  сайжруулах  зорилтыг  дэд  бүтцийн  салбарууд хөгжлийн хөтөлбөр, мастер төлөвлөгөөтэй нягт уялдуулан хэрэгжүүлэх 
•    Аялал жуулчлалын онцгой бүсүүдийг нэгдсэн төлөвлөлттэй болгох
•    Аймгийн музейг өргөтгөж, музейн сан хөмрөгийг арвижуулах
•    Дорноговь брэндийн болон бэлэг дурсгалын дэлгүүрүүд павилонуудыг нээж ажиллуулах
•    Аялал жуулчлалын лавлах, танилцуулга тогтмол гаргаж, интернетэд Вэб хуудсын ажиллагааг тогтмолжуулах
•    Аялал  жуулчлалын  маршрутын  дагуух  түүх,  соёлын  үнэт  зүйлсийг  сэргээн  засварлах, хамгаалах  ажлыг эрчимжүүлэх
•    Түүх ,соёл, шашны зан үйлийн бүс нутгуудийг холбосон аялал жуулчлалын шинэ маршрут гаргах  
•    Аялал  жуулчлалын  бүс  нутагт жилийн 4 улиралд ажиллах зочид  буудал,  зоогийн  газар  зэрэг  үйлчилгээний  газруудыг шинээр байгуулах, 
•    Аялал жуулчлалын менежмент, Зочлох үйлчилгээний менежментийг нэвтрүүлэх
•    Аялагчдын аюулгүй байдлын баталгаа болгож даатгалын асуудлыг шийдвэрлэх 
•    Зорчигч тээвэр, жуулчин тээврийн үйлчилгээг сайжруулах 
•    Аялал  жуулчлалын  баазуудын   менежментийг  сайжруулах  
•    Аялал жуулчлалын улирлын нээлтийг жил бүр зохион байгуулах
зэргээр аялал жуулчлалын салбарыг цогцоор нь хөгжүүлэхэд анхааран ажиллаж байна.

Сайншандад Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүтээн байгуулалт 
•     Аялал жуулчлалын цогцолбор байгуулах
•    Үлэг гүрвэлийн парк байгуулах 
•    Сайншандад нисэх онгоцны буудал байгуулах
•    Хүүхэд залуусын SAINSHAND RESORT парк байгуулах 
•    Хамарын хийд орчимд  Элсэн хот Sand art city байгуулах
•    Морин тойруулга байгуулах  Бооцоот уралдаануудыг зохион байгуулах 
Зорилго Бид аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд ирсэн жуулчдыг сэтгэл  ханамжтай буцаах ёстой.  Сэтгэл ханамж бол мэдээж тэр жуулчин өөр бусдыг наашаа аялуулах гол хөшүүрэг нь юм. Ирсэн гадаадын жуулчдын 70 орчим хувь нь Монголд эргэж ирдэг гэсэн судалгаа байдаг. Тиймээс бид Элгэмсэгээр угтаж найрсагаар үйлчилдэг байх нь чухал юм. Дээр дурьдсан ажлуудыг хийж орчин нөхцлийг сайжруулах нь хамгийн гол ажил билээ.
Мэдээж жуулчид гэдэг зөвхөн үзэж, хараад, хоол идээд, буудалд байрлаад зогсохгүй хүн л юм хойно наргиж,  цэнгэх, зугаацах асуудал байж таарна.  Тиймээс шөнийн клуб, Энтертайнмэнт төвүүдийг байгуулах нь бас л чухал. Жуулчид бас байнга мэдээ мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсэж байдаг хүмүүс. Аймгийн төв талбай утасгүй интернэт FREE WIFI  болоод 2 жил болж байгаа. Дулаан үед хүмүүс нотебоок гар утсаара ороод нэт ашиглаж байгаа харагддаг юм. Тиймээс одоо бид Хамарын хийд, Хүслийн уул, Энергийн төв орчмоо интернэтийн чөлөөт бүс болговол бүр сэтгэл ханамж нэмэгдэнэ.  
Бид зөвхөн жуулчдад зориулаад бус хүмүүсийнхээ оюуны хөгжилд хувь нэмэр оруулах үүднээс хамгийн орчин үеийн гоё кино театрыг байгуулах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр дэлхийн зарим оронд 5D театрыг байгуулсан байна. Тэр театрт орж үзэхийн тулд мөнгө төлж байна. Улаанбаатарт 3D байна. Яагаад Сайншандад байж болохгүй гэж...
Эдгээр асуудлыг үе шаттай хэрэгжүүлж ажилласнаар аялал жуулчлалын үйлчилгээний стандартыг мөрдүүлж, жуулчдад ая тухтай аялах нөхцөл илүүтэй  бүрдэнэ гэж үзэж байгаа юм. 
Бидэнд БАЙРШИЛ БОЛОМЖ БҮТЭЭГДЭХҮҮН БОДЛОГО нь байна. Гагцхүү бодит хөрөнгө оруулалт, урт хугацааны хамтын ажиллагаа чухал гэдгийг онцолмоор байна. 
Жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа аялал жуулчлалын том бялуунаас ахиухан хүртэж аймаг орон нутгийнхаа эдийн засагт хувь нэмэр оруулья, ажлын байр бий болгоё, орон нутгийн жижиг дунд бизнесээ тэтгэе. 
Аж үйлдвэрийн цогцолбортойгоо зэрэгцүүлэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх нь Дорноговьчуудын тэр дундаа Элгэмсэг Сайншандчуудын хувьд хөгжлийн бас нэгэн үүд хаалга нь болох учиртай билээ. 
Бид цаашдаа эдийн засгийн хувьд олон тулгууртай бодлогыг хэрэгжүүлж , тэр дундаа үзэсгэлэнт онгон дагшин байгаль, түүх соёлын дурсгалт газрууддаа  түшиглэсэн байгальд ээлтэй аялал жуулчлалын үйлчилгээний салбарыг хөгжүүлж ажиллах нь урт удаан хугацаанд үр ашигтай үйл ажиллагаа болно гэж үзэж байна.
Сайншандад өнөөдөртөө түүх соёл, шашин мөргөлийн сонирхолоор хүмүүс зочилж байгаа бол ирээдүйд Монгол улсын хөгжлийн загварыг эндээс тольдохоор жуулчдын хөл татрахгүй байх болов уу. 
Бүгдээрээ Монгол улсын хөгжлийн төв, аялал жуулчлалын бүс нутаг Элгэмсэг хот Сайншанддаа олон мянган зочин гийчинтэй, ажилтай орлоготой, элбэг хангалуун амьдрахын төлөө хамтдаа зүтгэцгээе. 
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. 

Уранаас уу? Аль эсвэл...


Монгол улсад дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн үнэ цэнээ харуулсан бүхий л ашигт малтмалууд олборлогдож, хайгуулын ажил хийгдсээр байна. Харин уран гэгч чухам ямар металл болох талаар манай улсад мэдээлэл муу байдгийг үгүйсгэх аргагүй юм. Дэлхийн нийт эрчим хүчний 16 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс гарган авч хэрэглэж байна.Цөмийн эрчим хүчний техник технологи хурдацтай хөгжиж буй өнөө үед ураныг олборлон боловсруулж атомын цахилгаан станцад өргөнөөр ашиглаж байна. Монгол улсын хувьд ураныг олборлож боловсруулан “шар нунтаг” үйлдвэрлэн ойрын хугацаанд экспортлох зэргийн талаар ярьж байна. 
Уран нь байгаль дээр бусад элементийн нэгэн адил хаа сайгүй тархдаг боловч илүү ихээр хуримтлагдан хүдрийг үүсгэдэг байна. Жилд манай дэлхий  дээр 35 орчим мянган тонн уран олборлож байгаа бөгөөд нийтдээ 2 сая гаруй тонн ураныг олборлосон баримтыг дурьдаж болно. Хамгийн их ураны нөөц бүхий ордын тоонд Канад, Америк, Казакстан, Австрали, БНХАУ орно. Харин Канад, Австрали, Казакстан, ОХУ, Намиби, Нигери, Узбекстан зэрэг орнууд хамгийн их уран олборлодог ажээ. Гэвч уран гэх нэр томьёо Монголчуудын ялангуяа Дорноговь аймгийн иргэдийн дунд аймшигтай аюултай мэт яригдах боллоо. Үүнээс болж мал үхсээр байна гэх мэдээллийг хэвлэл мэдээллээр ч цацах болов. Үүнтэй холбоотойгоор газар дээрээ байдал ямар байгаа эсэх талаар болон Сайншанд сумын 5-р багийн малчин Д.Норсүрэн гуайн өвөлжөө, “Коже говь” компаний кемп дээр манай сурвалжлах групп ажиллаад ирлээ.  Дорноговь аймгийн хэмжээнд 13 ураны лиценз олгогдсон байдаг баримт байна.  

 Улаанбадрах сумын нутаг, Дулаан уулын ордод Францын “Арева” группийн охин компани “Коже говь” ХХК уран олборлох зөвшөөрөл эзэмшиж, туршилтын өрөмдлөгөө хийн, 2 тонн шар нунтаг олборлосон байна. Тус компани нь 2008 онд анхны цооногоо тавьж байсан бөгөөд байнгын 100 гаруй үндсэн ажилтантай хайгуулын ажил эхлэхэд орон нутгаас 30 гаруй хүн авч ажиллуулдаг талаар бидэнд мэдээллэсэн юм. Д.Норсүрэн гуайнх Баруун баян дулаан хайрхан хавиар  50 жил орчим нутаглаж байгаа бөгөөд энэ хугацаанд мал эндэж үхэх үзэгдэл ингэж олноор гарч байсан нь үгүй. Таван хошуу малынхаа ашиг шимээр амьдардаг малчинд тугал бяруу нь хэд хэдээрээ үхэж байгаа нь сэтгэл санаанд нь ихээхэн хүндээр нөлөөлж байна. Ханддаг бүх газарт нь дарга цэргээр дамжуулан мэдээлэл дамжуулсан боловч хүрч очоод л олон төрлийн шинжилгээ аваад явдаг харин тодорхой хариу ч өгсөн зүйлгүй бяруу тугалнууд нь үхсээр өнөөдрийн байдлаар 17 тугал үхжээ.
Энэ мэдээллийн 2013 оны 01 сарын 14-нд Зүүнбаян багийн засаг дарга малын эмч газар дээр нь ажиллуулах тухай албан тоотыг Сайншанд сумын засаг дарга, Онцгой байдлын газар, мэргэжлийн хяналтын газарт хүргүүлжээ. 
5-р багийн малчин Д.Норсүрэн: 
Өнгөрсөн өвлөөс л адуу доголж эхэлсэн. Эзэн нь мэдэгдэхгүй үхсэн нэг тугалыг хүртэл би холдуулж шатаасан. Анх хэдэн тугалаа үхэхэд өөрөө байгаагүй хотод эмчлүүлж байсан юм. Хүү маань үхсэн малаа “Коже говь” компаниас машины дугуй гуйж тэр дор нь устгасан байсан. Үүнээс хойш ойрхон зайтай тугалнууд үхэх болж арга буюу “Коже говь” компаний хогийн цэг дээр малаа шатааж булшилж эхэлсэн. Харин өнөөдрийн байдлаар хогийн цэг үхсэн малын сэгээр дүүрсний болохоор хог хаях аргагүй болж Коже говийнхон Зүүнбаянгийн нутаг дэвсгэрт хогоо асгаж байгаа гэсэн. 

/Байгаль орчинд аюул учруулахуйц хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх Монгол Улсын хууль тогтоомж хаана үйлчилж байна вэ?/   

Шинжилгээ хийсэн албан тоотуудаас дурьдвал: 
УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИ / 2012.10.18/
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт “Коже говь” ХХК-ийн цацраг идэвхит ураны хайгуулын улмаас малын төл гажиг хэлбэртэй гарч байж болзошгүй талаар ирүүлсэн дуудлагын дагуу хамтарсан шалгалт хийж тус сумын нутаг, Дархан уул, Баян монгол, Зөөч, Зүүн-Ухаа, Аргалант уул, Богд уул зэрэг газраар явж 10 гаруй суурийн малчидтай уулзаж байдлыг газар дээр нь танилцан газрын хөрс, худгийн ус, өмийн цооногны орчимд цацрагийн шинжилгээ хийж үзэхэд цацрагийн хэмжээ олон улсын хүлээн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс доогуур байгаа нь цацрагийн холбогдолтой шалтгаанаас малын төл гажиг согогтой гарсан байна гэх үндэслэл одоогоор байхгүй байна. Харин малчдын өгсөн мэдүүлэг, өнгөрсөн жилд байсан чийг ялааны нислэг, энэ хавар мал нь хээл хаяж, гажиг төл олноор гарсан шинж тэмдэг зэрэг нь Зүүн Өмнөд, Ази, Австрали, Япон, Солонгос, Тайван Автрали, Ойрх Дорнод, Өмнөд Африкийн Израйль, Турк, Африкийн Израйл, Турк, Өмнөд Африк, Кипр, Зимбаб, Кеня зарим оронд гараад байгаа Акабан өвчинтэй нэлээд төстэй байсан учраас 2013 онд Абаканы өвчнийг оношлох оношлуур захиалан авч эцсийн оношийг тавих нь зүйтэй байна гэсэн дүгнэлт хийсэн болногэж улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабароториос гаргажээ. 

Цөмийн энергийн газрын улсын байцаагчийн дүгнэлтээс /2012.12.06/
Цацрагийн хэмжилт шинжилгээний дүнгийн тухай 
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Засаг даргын 2012 оны 05 дугаар сарын 25-ны  өдрийн 1/54 тоот албан бичгийн дагуу тус сумын нутагт цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул судалгааны үйл ажиллагаа явуулж буй “Коже говь” ХХК-ийн үйл ажиллагаанд цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомж, цацрагийн хамгаалалт, аюулгүйн байдлын холбогдолтой дүрэм, стандартын хэрэгжилтийг холбогдох төрийн захиргааны байгууллагуудтай хамтран шалгалаа. Хяналт шалгалтыг Цөмийн болон цацрагийн хяналтын байцаагч С.Пүрэвсүрэн, Цөмийн материалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Өсөхжаргал, Усны газрын ус ашиглалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баатарцогт, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн Хүнсний Аюулгүй байдал, халдваргүй өвчний асуудал хариуцсан дэд захирал профессор Д.Оргил, Дорноговь аймгийн БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн О.Азбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр 2012 оны 07 дугаар сарын 06-07ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна. Хамтарсан хяналт шалгалтаар орон нутгаас Дорноговь аймгийн Улаанбадрах сумын засаг дарга Б.Ганзориг, мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Л. Очирбилэг, мэргэжилтэн Ц.Энхтүвшин ”Номт Далай” ХХК-ийн эмнэлэгийн захирал Г.Баянцагаан нарыг болон “Арева Монгол” ХХК-ийн дэд ерөнхийлөгч Г.Луузан, “Коже говь” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй цацраг хамгаалал, байгаль орчны менежер Г.Жигжид, байгаль орчны мэргжилтэн А.Цолмон Цацраг хамгааллын мэргэжилтэн Ц.Оюунчимэг, Геологи уул уурхайн мэргэжилтэн н.Буянхишиг, Дулаан-Уул ангийн дарга н.Баярсайхан, Дулаан-Уул төслийн ахлагч Флориан, гидрогеологич Марине, Мон-Атом ХХК-ийн уул уурхай, үйлдвэрлэл үйлдвэрлэл технологийн газрын мэргэжилтэн Л.Батдорж нарыг байцуулан хийж гүйцэтгэсэн болно. Кожеговь ХХК-ийн уугсан олборлох туршилт хийсэн талбай , өрмийн талбай болон Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Н.Ариунболор, Баасанбат, Гаахүү, Д.Мөнхбаяр, Алтанбаатар, Х.Пүрэвдорж, Батбаатар, Д.Оргодол, Сүрэнхор нарын гэрийн орчимд  цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг 18 цэгт, усан дахь радоны хуримтлалын хэмжээг малчны Баянмонгол худаг, Оройн хар худагт тус тус хэмжилт хийжээ.  

Улаанбадрах сумын засаг дарга Б.Ганзориг:  
Улаанбадрах сумын хувьд “Коже говь” компаний үйл ажиллагаатай өнгөрсөн оны 5 сараас хойш тэмцэлтэй, асуудалтай байгаа. Энэ олон тугал үхэж байгааг холбогдох газрын шинжээчид шинжилгээг цаг тухайд нь авч байна. Бид эцсийн мэргэжилийн шинжээчдийн дүнг хүлээж байна. 
Уг асуудлаар МУ-ын ерөнхий сайд  сайд Н.Алтанхуяг цөмийн энергийн газрынхантай уулзсан гэсэн  мэдээллийг албаныхан хэлж байлаа. Мөн  нээлттэй параламент сайтад ерөнхий сайд Алтанхуяг: “Манай улс цөмийн энергийг хэрэгтэй газар нь зөвөөр хэрэглэх, ашиглах гэдэг дээр ухрахгүй. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт атомын цахилгаан станц барих асуудал байхгүй гээд Засгийн газар ямар нэг зүйлийг нууцаар хийхгүй. Цөмийн энергийн технологи судлахгүй. Нэгэнт хайгуул хийчихсэн газраас ураныг байгаль орчинд хоргүй байдлаар шар нунтаг хүртэлх технологийг ашиглах болно” гэсэн байна. Харин Дорноговь аймгийн хэмжээнд 13 ураны лиценз олгогджээ. 

Цөмийн энергийн газар Улсын байцаагчийн дүгнэлт /2012.12.24/

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р багийн засаг дарга Ц.Эрдэнэчимэг танаа
Хяналтаар Кожеговь ХХК-ний өрмийн талбай, хаягдал шаврын цэг болон 5 дугаар малчин Д.Норсүрэнгийн гэр, Гүнсухай бууцын орчимд цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг 5 цэгт, усан дахь радоны хуримтлалын хэмжээг малчны худаг, Хонгорын улаан нуур, Баруун баян булагт тус тус тодорхойлсон байна. 
Эдгээрийн хариулт нь газрын хөрс, худгийн ус, өмийн цооногны орчимд цацрагийн шинжилгээ хийж үзэхэд цацрагийн хэмжээ олон улсын хүлээн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс доогуур байгаа нь цацрагийн холбогдолтой шалтгаанаас малын төл гажиг согогтой гарсан байна гэх үндэслэл одоогоор байхгүй байна гэсэн байх юм. Шинжилгээний хариу нь зүгээр гараад байдаг харин юунаас шалтгаалсан эсэх нь өнөөг хүртэл таг дарсан нууц мэт байсаар байна. Үүнд Олигтой арга хэмжээ холбогдох газрууд авч чадахгүй байсаар байтал хоёр он дамнаад  17 тугалаа алдсан малчин хохирсоор байхуу? Энэ асуудлыг хурдан шуурхай шийдэхгүй бол цаашлаад хэнд юунд ч нөлөөлж болох эсэх талаар малчид маань санаа зовнин харуусан сууна. Өнөөдөр мал хордож үхэж байна. Хордсон малын сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн иргэд ч үхэхгүй гэх баталгаа алга. 2013 оны 01 сарын 18-ны өдрийн мэдээгээр малчин Д.Норсүрэнтэй холбогдоход дахин 3 тугал биеийн байдал маш муу өнөө маргаашгүй өнхрөөд унах нь тодорхой гэдэг тухай дуулгалаа.
                                                           Сэтгүүлч З.Энхзул("Өнөөгийн Дорноговь" сонин)

Энэрэнгүй үйлстний даргатай уулзахад...


Албан газар бүхэн даргатай, компани бүхэн захиралтай, айл бүхэн өрхийн тэргүүнтэй өнөөгийн нийгэмд даргын үнэлэмж харилцан адилгүй болжээ. Авлига авсан, аваагүй, архи уудаг, уудаггүй, ажлаа сайн, муу хийдэг гэх зэргээр үнэлэгдэх болсон байна. Харин аймгийн Улаан загалмайн хорооны дарга Б.Нямдорж энэрэнгүй үйлстний дарга гэж үнэлэгдэнэ. Түүнтэй уулзаж цаг үеийн ажлаар хөөрөлдлөө.

-Нямдорж дарга аа, ажил ихтэй байна  уу?
-Ажил их байна аа. Бидний ажил чинь хэлж ирэхээргүй хийсч ирдэг ажил гэх үү дээ. Байнгын бэлэн бэлтгэлтэй хүний амь нас, эд хөрөнгө хохиролд хүрэх үр дагавартай олон улсын нэр хүндтэй холбоотой ажил даа гэсэн бодлоор л зүтгэж явна.

-Өнгөрсөн онд амжуулсан гол ажлаасаа ярина уу?
-Өнгөрсөн онд урьд оноос ачаалал өндөртэй, нилээд ажлуудыг амжууллаа. Юуны түрүүнд МУЗН-ийн 12-р их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхэд ажлаа чиглүүлж, эгнээгээ өргөтгөх, төсөл хөтөлбөрт хамрагдах, Нигүүсэл сонинг захиалуулах, гамшгийн төвөөс ирсэн бараа материалыг сумдад шуурхай хүргэх ажилд ихэд анхаарч ажиллаж ирлээ.

-Аймгийн хэмжээнд Улаан загалмайн сайн дурын идэвхтэн олон байна уу?
-Аймгийн хэмжээнд анхан шат бүрт Улаан загалмайн идэвхтнүүд амжиллаж, ядарч зүдэрсэн болон өндөр настан, өвчин зовлонтой хүмүүсийг суманд асран энэрч, энэрэнгүй үйлсийг бүтээж байна. Сайншанд суманд гэхэд л 60 гаруй идэвхтэн байгаагаас 30-аад идэвхтэн тогтмол ажиллаж байна. Дундговьд сургалтанд оролцсон Амарбаясгаланг халамжийн арга зүйчээр ажиллуулж эхлээд байна.

-Төсөл хөтөлбөр хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
-Финляндын засгийн газрын хөрөнгөөр Эрүүл мэндийн хөтөлбөрийг Зүүнбаян, Улаанбадрах, Хатанбулаг, Хөвсгөл суманд, ДОХ хөтөлбөрийг Замын-Үүд суманд амжилттай хэрэгжүүлж үр дүн гараад эхэлж байна. 

-Анхан шатны УЗХорооны удирдлагууд орон нутгийн сонгуулиар хэдэн хувь нь өөрчлөгдөв?
-Одоо цаг чинь аливаа ажил намын харьяалал, сонгуулийн үр дүнгээр хэмжигдэх болоод бана. Манай анхан шатны байгууллагуудын хувьд ихэнх нь хуучин бүтцээ хадгалж үлдсэн. 
Анхан шатны 14 хорооны 9 нь хуучнаараа 64 хувь нь өөрчлөгдөөгүй ажиллаж байна. Аймгийн иргэдийн хурлын дарга Г.Ганбаатар маань өөрчлөгдөөгүй нь бидэнд цаашид ажиллахад харилцан бие биеэ ойлголцсон ажил амьдрал, бүтэц зохион байгуулалтаа мэддэг хүмүүс байгаа нь нэг давуу тал, олон олдохгүй боломж болж байна даа.

-Сайн ажиллаж байгаа анхан шатны байгууллагууд олон байна уу?
-Манай анхна шатны хороод жигд ажиллагаатай. Онцлон авч үзвэл Эрдэнэ сумын Энхмэнд, Айраг сумын Туулайхүү, Алтанширээ сумын Ц.Наранзул, Даланжаргалан сумын Сайнзаяа нарыг нэрлэж болох юм.

-Онцгой гишүүдийн эгнээ өсч байна уу?
-УЗХорооны онцгой гишүүд гэдэг бол бидний түшиг тулгуур учраас  бид тэдний эгнээг ямагт өргөтгөхийг бодлого болгон ажилладаг. Одоогоор манай аймагт УЗХорооны онцгой гишүүн 200 гаруй байна. Өнгөрсөн онд гэхэд л Эрдэнэ сумын анхан шатны хороо 20 онцгой гишүүнийг элсүүлээд байна. Манай хяналтын хорооныхон бидэнд мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилладаг.

-УЗХорооны үйл ажиллагааг малчид хэрхэн дэмжиж байна вэ?
-Бид хөрөнгө мөнгөнөөсөө болоод тэр бүр хөдөө явж, сум баг бүрийн малчидтай нэг бүрчлэн уулзаж санал бодлоо солилцож чадахгүй байна. Уулзсан малчин бүр Улаан загалмайг,биднийг дэмждэг тусалдаг ажиллагаа үргэлжилсээр байна. Саяхан гэхэд л Иххэт сумын малчин Гүзээгийн Долгорсүрэн гэхэд л аймгийн УЗХороонд 108 хонь өгөх болсноо мэдэгдээд байна.

-Танай хамт олонд энэрэнгүй улаан буянтай ажилд тань амжилт хүсье. 
-Баярлалаа
Ярилцсан: сэтгүүлч М.Чулуун

Томуугаас сэргийлье


Томуу томуу төст өвчин нь: 
- Вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчих
- Халдвар нь амьсгал, агаар дусал, ахуй хавьтлын замаар халдварлана
Томуу томуу төст өвчний үед, үе мөч, булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх нус гоожих битүүрэх, цөөн тохиолдолд бөөлжих суулгах шинж тэмдэг илэрнэ. 

Урьдчилан сэргийлэх арга
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул чанарлаг хоол хүнс хэрэглэн, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, хангалттай амрах, хорт зуршил хэрэглэхгүй байх
-Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтний улиралд даарч хөрөхгүй байх
-Ханиах найтаах үедээ ам, хамраа нусны алчуур, сальфеткаар таглах, цэр нус, шүлсээ ил задгай хаяхгүй байх
-Гэр сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөө тасалгаанд цаг тутамд 10-15 минут цэвэр агаар оруулж, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх
-Хүүхдийг цэвэр агаарт салхилуулах
-Хамрын салстыг сонгино сармиын тосон хандаар арчих
- Илчлэг сайтай, амин дэмээр баялаг хоол хүнс, жимс, жимсгэний шүүс элбэг хэрэглэх, хоолондоо сармис хэрэглэх
- ТТТӨвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх 
-Үзвэр үйлчилгээ олон нийтийн газраар сэлгүүцэхгүй байх
- Амны хаалт зүүж хэвших

Томуу томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яах вэ? 
-Эмчийн зааврын дагуу гэрийн нөхцөлд тусгаарлан хөвтрийн дэглэм баримтлан эмчилгээ хийх
-Ханиах найтаах үедээ ам хамраа таглах
-Амны хаалтыг 2 цаг тутамд сольж хэрэглэх
-Ажил сургууль, цэцэрлэгт явахгүй байх
-Хувийн ариун цэврийг чандлан мөрдөж, гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом, аяга, халбага зэргийг  содийн уусмалаар угааж ариутгах
-Өрөө байрны цэвэрлэгээ агааржуулалтыг сайн хийх 
-Бага насны хүүхэд өндөр настанаа асарч, хүндрэхээс сэргийлэх
-Хэрэв өвчний хүндрэл зовиур арилахгүй бол харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
Бэлтгэсэн: Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн газар

Д.Сүндий: Нутгийнхаа сайн сайхны төлөө хүн бүр чадах бүхнээ хийх нь чухал


Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө залуу насныхаа эрч хүч, оюун мэдлэгээ зориулан ажиллаж байгаа мянга мянган залуучууд Монголд хөдөлмөрлөж байна. Үүний нэгэн төлөөлөл бол Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул Банк, санхүүгийн салбарт 5 жилийн туршлагатай интерпренер бөгөөд мэдээлэл, харилцаа холбооны салбарт 8 жилийн өргөн туршлагатай өндөр мэргэшилтэй мэргэжилтэн Нэткапитал санхүүгийн корпорацийн ТУЗ-ын дарга Д.Сүндий юм. Тэрээр 2008 онд Нэткапитал санхүүгийн корпорацийг үүсгэн байгуулж байсан бөгөөд одоог хүртэл ажиллаж байна.   
       
-Танд Дорноговь аймгийнхаа уншигчдын зүгээс шинэ оны мэнд хүргэе?
-Баярлалаа. Нутгийнхаа зон олонд шинэ оны мэнд дэвшүүлье. 

-Нутагтаа хэр ойрхон ирж очиж байна? Хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ?
-Би 1998 оноос хойш оюутан болоод Улаанбаатар хотод суурьшин амьдарч байна. Хэдийгээр энд ажил хөдөлмөрөө эрхэлж, гэр бүлтэй болсон ч гэсэн сэтгэл зүрх маань нутагтайгаа үргэлж холбоотой байдаг. Жилдээ 1-2 удаа аймагтаа очдог. Өнгөрсөн 2012 оны 08 сард нутгагтаа очиж Хайрхан ууландаа гарчихаад ирсэн. Ер нь нэг очоод энерги аваад ирсэн байхад хэсэгтээ бол ажил үйлс маань бүтэмжтэй сайхан байдаг юм. /инээв.сурв/

-“Нэткапитал”-ыг хүмүүс зээлийг шуурхай олгодог гэдгээр нь сайн мэднэ. Байгууллагынхаа талаар та товчхон танилцуулбал?
-Нэткапитал санхүүгийн корпораци байгуулагдаад тав дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр шалгаруулдаг “ТОП-100”, “ТОП-150” аж ахуйн нэгжийн шалгаруулалтад оролцож 3 жил дараалан буюу 2009,  2010, 2011 онд “TOП-10” ББСБ-ын нэгээр шалгарсан. 2012 оны шалгаруулалт энэ оны 4-р сарын үед болох байх.

-Амжилт бүтээлээр арвин байж, жилээс жилд өргөжин тэлж байгаа ирээдүйтэй компани байна. 2012 онд хийсэн шинэ ажлуудаасаа дурьдвал?
-Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ харилцагчиддаа илүү таатай, ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх талаар байнга ажиллаж, сайжруулалт хийсээр байдаг. Жишээ дурдвал: энэ онд эко зээлийн бүтээгдэхүүн гаргасан ба газ, гибрид машинтай хүмүүст зээл авахад илүү олон боломжийг нээсэн. Манайхаас зээлдэгч нар 100 хүртэл сая төгрөгийг машинаа унах нөхцөлөөр авдаг. Харин энэ жилээс 2 сая төгрөг хүртэлх дүнтэй зээлийг судалгаагүй шууд олгодог болсоноор зээл авах үйл явц улам бүр хялбар боллоо.

-Танай байгууллагын давуу тал юу вэ? Ижил төрлийн байгууллагуудаас ялгарах онцлог юу вэ?
-Харилцагчид Нэткапиталаас зээл авбал барьцаа хөрөнгөө харьцангуй өндөр үнэлүүлнэ, зээлийн судалгаа хурдан хийгдэж шуурхай зээл авна, их хэмжээний мөнгө гаргах чадвартай, машинаа унаж явах болон найдвартай газар хадгалуулаад авах нөхцлүүдийн аль нэгээр зээл авч болно, хашаа байшин, орон сууц ч барьцаалан зээл авч болно гэх мэт давуу талуудыг мэддэг учраас манайхыг сонгон үйлчлүүлдэг болов уу. Манайхаас 100 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломжтой. Харин харьцангуй бага дүнтэй буюу 2 сая хүртэлх төгрөгийн зээлийг бид судалгаагүй, шууд олгож байгаа нь олны талархалыг хүлээгээд байгаа. Зээлээс гадна манайхыг сонгодог нэг ТОМ ШАЛТГААН бий. Тэр бол Нэткапиталын итгэлцлийн бүтээгдэхүүн юм.

-Итгэлцлийн бүтээгдэхүүнээ дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч. Банкны хадгаламжаас ямар давуу талтай вэ? Өндөр хүүтэй хадгаламж гэхээр Хадгаламж зээлийн хоршоодын дампуурал санаанд ордог болсон байна. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Хадгаламж зээлийн хоршооны дампуурлыг товч тайлбарлахад, жишээ нь 1 сая төгрөгтэй 10 хүн нийлээд 10 сая төгрөгнөөс 100 дахин давсан 1 тэрбум төгрөг татаж тэрнийг удирдах болсон. Ингэхээр нөгөө 1 сая төгрөгөөрөө эрсдэл хүлээсэн этгээд их хэмжээний мөнгө авч ашиглан хийж дампуурах сэдлийг бий болгосон. Тэрнээс гадна, мөнгийг зөв удирдалгүй хамаатан садан, танил талдаа тооцоо судалгаагүй зээлүүд олгох, үр ашиг өгөхгүй зүйлд хөрөнгө оруулах, хөндлөнгийн сайн хяналт байхгүй байсан гэх мэт цөөнгүй хүчин зүйлүүдээс болж дампуурсан байдаг. Банкны хувьд өөрийн хөрөнгөөсөө 10 дахин их мөнгийг татан төвлөрүүлж байгаа.Харин манай Итгэлцлийн үйлчилгээ нь дээрх банк болон хадгаламж зээлийн хоршооны хадгаламжаас ялгаатай. Бид өөрийн хөрөнгийнхөө ердөө л 80%-тай тэнцэх дүнгээр мөнгөн хөрөнгө байршуулах боломжийг олгож байгаа учраас хариуцлага үүрэх өндөр чадвартай байна. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос сар бүр шалгаж хянадаг.Итгэлцлийн үйлчилгээг авбал мөнгөн хөрөнгөнөөс гадна үл хөдлөх хөрөнгөө байршуулан удирдаж болно. Хадгаламжаас ялгарах бас нэг зүйл бол мөнгөн хөрөнгөө зүгээр нэг байршуулдаг харилцагч биш, харин энэ компанийн эзэн болж компанийн өгөөжийг хүртэх явдал юм. Санхүүгийн зуучлал буюу сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг хэрэгцээтэй хүмүүст зээл болгон хүргэх энэ үйлчилгээнээс хүмүүс үр шим хүртдэг. Гадаадын орнуудад нэр хүндтэй өндөр чадвартай сангийн менежерүүд нь банкинд биш өөрийн гэсэн итгэлцлийн сангаараа дамжуулан иргэдийн мөнгөн хөрөнгийг удирдан өндөр үр шим хүртээдэг.Нэмж хэлэхэд, манай итгэлцлийн бүтээгдэхүүн эрсдэлийг хаасан байгаа. Өөрөөр хэлбэл, байршсан мөнгийг зөвхөн зээл олголтод ашиглах ба зээл нь барьцаа хөрөнгөтэй учраас эрсдэх магадлал бага.


-Хадгаламжаас үнэхээр ялгаатай юм байна. Сарын хүү нь хэд вэ?
-Итгэлцлийн үйлчилгээнд хүү гэж яригдахгүй “өгөөж” гэж яригддаг. Өмнө хэлснээр, иргэд мөнгөн хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөө Нэткапитал санхүүгийн корпорацид байршуулахад бид санхүүгийн зуучлалаар мөнгийг нь шаардлагатай хүмүүст зээл болгон олгоод эргээд харилцагчдаа өгөөжийг өндөр хувиар олгодог. Энэ өгөөжийн хувийг нийтэд зарлах боломжгүй байдаг. Харилцагчид манай дээр ирж өгөөжийн хувийг мэдэж авч болно. Мэдээж та манай харилцагч гэхээсээ илүүтэй манай корпорацийн хөрөнгө оруулагч гэдэг утгаараа өгөөжийн хувь банкны хадгаламжийн хүүнээс харьцангуй өндөр гэдгийг хэлмээр байна. 
-Танай хамт олон хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх үйлчилгээг амжилттай нэвтрүүлж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Бид хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөгөө өгөх чиглэлд ач холбогдол өгч  ажиллаж байна. Санхүүгийн байгууллагын нэг том зорилго нь мөнгөтэй хүмүүсийн хөрөнгийг удирдах, алдагдсан боломжийг бага байлгах, зөвлөгөө мэдээлэл өгөх явдал юм. Жишээлбэл, барилгын компаниудад газар зарах, төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт босгоход зөвлөгөө өгч хамтарч ажиллахын зэрэгцээ барилгын зөвшөөрөлтэй газар барьцаалан зээл олгоно.
Албан байгууллага, их дээд сургуулиудын хүсэлтээр санхүү болон хувь хүний хөгжлийн чиглэлээр мөн илтгэл лекц зохион байгуулж эхлээд байна. Энэ нь иргэдийн болон залуу хойч үеийнхээ санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа ажил юм. Энэхүү лекцийн аянд хамрагдах хүсэлтэй их дээд сургуулиудаас саналууд ирсээр байгаа нь бидний сургалт, зөвлөгөөний ажилд ихээхэн урам өгч байгаа. Бид олон сэдвээр сургалт хийж байгаа ч байгууллага, сургуулиудаас ихэвчлэн “Цагийн менежмент”, “Хувийн санхүү”, “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь”,"Манлайлал”, “Өндөр бүтээмжтэй хүний 8 зуршил”, “Баг бүрдүүлэлт ба багийг үр дүнтэй ажиллуулах нь” гэсэн сэдвүүдийг илүү их сонирхож сонгодог. Байгууллагуудын ажилтнуудад санхүүгээ хэрхэн өндөр өгөөжтэй удирдах талаас сургалтууд ордог бөгөөд энэ нь тэдэнд анзаараагүй байсан боломжуудыг ашиглах сэдлийг төрүүлэх ач холбогдолтой юм.

-Хөдөө орон нутагт хэдэн салбартай вэ? Та бүхний хэтийн зорилго юу вэ?
-Одоогийн байдлаар манайх Дархан, Эрдэнэт хотуудад салбараа нээн үйл ажиллагаагаа явуулж байна. 2013 оны эхний улиралд багтаан шинэ 2 салбар нээх зорилт тавин ажиллаж байна. Нутагтаа 2010 онд салбараа нээсэн боловч идэвхитэй ажиллаж чадаагүй байна. Цаашид идэвхижүүлэх тал дээр нэлээн анхаарал хандуулна. Ойрын 3 жилийн хугацаанд бид хөрөнгийн зах зээлд шинээр компанийн хувьцааг арилжаалах буюу IPO гаргах замаар олон нийтийн корпораци болох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мэдээж үүний тулд бизнесийн үйл ажиллагааг улам бүр сайжруулах, илүү нээлттэй ил тод болох хэрэгтэй. Тийм учраас бид цаг хугацаатай уралдаж, зах зээлд тэргүүлэн ажилласаар байгааг хэлэхэд таатай байна.

-Хамгийн сүүлд нутаг орныхоо төлөө юу санаж явдаг бодлыг тань сонсмоор байна. Хөгжил цэцэглэлт манай нутагт тун ойрхон байна шүү дээ. 
-Сайншанд хөгжих нь тодорхой болсон нутаг гэж харж байна. Дорноговьчууд маань сүүлийн 20 жилд 2 намаар талцан маш их зүйл алдсан байдаг. Жишээ нь:  Чойр-Сайншанд-Замын Үүдийн хатуу хучилттай авто зам тавих нь Дорноговьчууд төдийгүй Монгол улсын хэмжээний стратегийн өндөр ач холбогдолтой байтал бараг хамгийн сүүлд уг асуудлыг шийдэж байгаа нь манайхны төлөөлөл болсон төрийн түшээд эвлэлдэн нэгдэж чадаагүйн том илэрхийлэл юм болов уу. Мөн Дорноговь аймгийн хэмжээнд маш олон тооны уурхайнууд байгаа боловч Дорноговьчууд бид өөрсөдөө эзэн нь болж чаддаггүй, эргээд нутаг орны хөгжилд эдгээр уурхайнуудаас оруулж буй хувь нэмэр бидэнд тодорхойгүй, наалдац муутай байдаг нь бидний гол асуудал болоод байна. Иймд Дорноговийн ирээдүй болсон залуу үе бид цаашид намаар хуваагддаг өмнөх үеийхний алдааг давтахгүй байх, өөрсдийнхөө өссөн төрсөн нутгийнхаа сайн сайханы төлөө хүн бүр өөр өөрийн чадах бүхнээ хийж, нутаг орныхоо эзэн шиг эзэн нь байхын төлөө эвлэлдэн нэгдэж нутгаас сонгогдсон төрийн түшээдийн дэмжлэгийг авч ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
-Ярилцсанд баярлалаа. 


Бассейнаа ажиллуулахыг хүүхэд залуучууд шаардаж байна


Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Чандмань Илч” ОНӨК-ний харьяа “Усан спорт” сургалтын төв 2012 оны 10 сарын 01-ний өдрөөс аврагч байхгүй болон ашиггүй ажилласан гэх үндэслэлээр зогсонги байдалд орж өнөөдрийг хүртэл ажиллахгүй байна. Усан спорт сургалтын төв нь хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон, үр дүнтэй өнгөрүүлдэг цөөхөн газруудын нэг байсан тул тус сургалтын төвийн хэвийн ажиллагааг хангах тал дээр холбогдох албаны хүмүүс арга хэмжээг авч өгнө үү хэмээн Өргөх бичгийг Дорноговь аймгийн хүүхэд, залуучуудын төлөөллөөс /www.facebook.com/groups/dornogovi/ өргөн барьсан байна.

Дорноговь аймгийн хүн 60935 боллоо

Хүн амын тооллого улс орон даяар 10 жилд нэг удаа болдог. Харин Дорноговь аймгийн суурин хүн амын тоог Статистикийн хэлтсээс гаргажээ. Дүнгээр 60935 иргэн албан ёсны бүртгэлтэй байгаа ба өнгөрөгч 2011 оноос 0.8 хувь буюу 485 хүнээр өсчээ. Үүнээс нийт хүн амын тооноос 17901 өрх эзэлж байна. Хүйсийн ялгааны тухайд 30448 эрэгтэй, 30487 эмэгтэй гэж тоологдсон байна. Хамгийн их хүн ам өссөн үзүүлэлтээр Замын-Үүд сум, хүн ам буурсан үзүүлэлтээр Эрдэнэ сум тоологджээ.

Манай аймгийн мал 10 хувиар өслөө

Энэ удаагийн мал тооллого нь 3 жил тутам явагддаг хашаа, худгийн тооллогыг хамруулсан бөгөөд тооллогын дүнг Үндэсний Статистикийн Хорооны даргын 2012 оны 1/132 дугаар тушаалаар шинэчлэн баталсан маягтаар, интернэтийн орчны вэб-д суурилсан программд өрх, аж ахуй нэгж тус бүрээр шивж нэгтгэснээрээ онцлог боллоо. Тооллогод 14 сумын 60 багийн нийт 4594 мал бүхий болон малчин өрхүүд хамрагдсан байна. Мал тооллогын дүнгээр 2012 оны жилийн эцэст манай аймгийн нийт малын тоо 1327,9 мянган толгойд хүрчээ. Энэ нь 2012 оныхоос 120.0 мянга буюу 10 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Төрөл тус бүрээр авч үзвэл адууны тоо толгой 10.5, үхрийнх 10.2, тэмээнийх 4.7, хонь 11.4, ямаа 9.0 хувиар тус тус өсчээ.