Monday, September 9, 2013

Чойр-Сайншанд чиглэлийн 176,4км авто замыг ашиглалтанд хүлээн авлаа

АНУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт 285 сая америк долларын хөрөнгө оруулалтыг сүүлийн 5 жилийн хугацаанд хийгээд байгаа билээ. Үүний нэг ажил бол Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойр-Сайншандыг холбосон 176.4 км урттай хатуу хучилттай авто замын ажил байсан бөгөөд 9-р сарын 5-нд нээлтээ хийж Зам тээврийн яаманд хүлээлгэн өгсөн юм.
Замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, АНУ-ын элчин сайд Пипер Анна Кампелл, МСС-ын гүйцэтгэх захиралын зөвлөх Кассандра Бутс, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал, ММСС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар, Авто замын төслийн захирал П.Батсайхан, замыг гүйцэтгэгч компанийнхан болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн” хийж гүйцэтгэсэн бол үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ.
Чойроос-Сайншанд хүртэл “176,4 км замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьсан бөгөөд 30 км тутамд түр зогсох зориулалтын зогсоолтойгоор хийж гүйцэтгэсэн байна. Мөн Айраг сумын 1,7 км зам, Даланжаргалан сумын 1,2 км-ийг Сайншандтай холбон замыг ашиглалтад оруулаад байна.
Мөн ирэх 10 дугаар сарын сүүлээр Хамарын хийдийн 42 км зам, Сайншандаас Замын-Үүд хүртэлх 120 км авто замын ажил бүрэн дуусч ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ингэснээр Монгол Улс Оросын хилээс Хятадын хил хүртэл босоо тэнхлэгийн дагуу автозамтай болж, олон улсын транзит тээвэр зорчих боломжтой болох юм. Энэ мэт дэд бүтцийн ажлууд Дорноговь аймагт эрчимтэй явагдаж байна.



















Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ, ОНХА

0 comments:

Post a Comment