Дорноговь аймагт тавтай морилоорой

Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2013 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан билээ. Өнгөрсөн жилүүдэд Сайншандын ойролцоо орших Хамарын хийд, Хүслийн Хан Баянзүрх уулыг зорих дотоод гадаадын жуулчид 1 жилд 40мянга давдаг болоод байна.

Залуусын хот Сайншандад тавтай морилно уу

Дорнын говийн үзэсгэлэнт хот Сайншандад одоогоор 22,000 орчим хүн аж төрдөг. Тэдний 50 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Тиймээс Сайншанд яах аргагүй Залуусын хот билээ. Залуусын хот Сайншандад тавтай морилно уу.

Говийн үзэсгэлэнт хот - Сайншанд

Дорноговь аймгийн төв Сайншанд нь дэд бүтэц маш сайн хөгжсөн, Монгол улсын говийн бүсийн томоохон хотын нэг билээ. Сайншанд нь Монголын хотуудын холбооноос 2007 онд Хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот, Цэвэрч хот, 2011 онд Шилдэг менежменттэй оролцогч хот зэрэг шагналуудаар шагнуулсан билээ.

Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот

Сайншандад Хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барих шийдвэр гарснаас хойш Сайншандыг зорин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Сайншанд хот өртгийн хувьд Замын-Үүдээс арай доогуур, Чойроос арай дээгүүр өртөгтэй хот бөгөөд сүүлийн үед нийгэм эдийн засаг нэлээд ихээр өсч байгаа Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот билээ.

Фэйсбүүк дэх Дорноговь аймгийн бүлэгт нэгдэцгээе

Олон нийтийн Фэйсбүүк сүлжээнд Дорноговьчууд өөрсдийн аймгийн бүлгийг байгуулж, аймгийнхаа талаарх мэдээллээ солилцдог билээ. Та ч гэсэн нэгдэж аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн талаар саналаа солилцоорой. www.facebook.com/groups/dornogovi

Monday, September 9, 2013

Чойр-Сайншанд чиглэлийн 176,4км авто замыг ашиглалтанд хүлээн авлаа

АНУ-ын Засгийн газраас Монгол улсын Засгийн газарт 285 сая америк долларын хөрөнгө оруулалтыг сүүлийн 5 жилийн хугацаанд хийгээд байгаа билээ. Үүний нэг ажил бол Монголын мянганы сорилтын сангийн хөрөнгө оруулалтаар Чойр-Сайншандыг холбосон 176.4 км урттай хатуу хучилттай авто замын ажил байсан бөгөөд 9-р сарын 5-нд нээлтээ хийж Зам тээврийн яаманд хүлээлгэн өгсөн юм.
Замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам, тээврийн сайд А.Гансүх, АНУ-ын элчин сайд Пипер Анна Кампелл, МСС-ын гүйцэтгэх захиралын зөвлөх Кассандра Бутс, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Л.Отгонжаргал, ММСС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар, Авто замын төслийн захирал П.Батсайхан, замыг гүйцэтгэгч компанийнхан болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Замын ажлын 90 км-ийг БНСУ-ын “Халла инженеринг энд констракшн корпорайшн” хийж гүйцэтгэсэн бол үлдсэн замыг БНХАУ-ын “Жианши уотэр энд гидропауэр констракшн” компани гүйцэтгэжээ.
Чойроос-Сайншанд хүртэл “176,4 км замд 10-64 метрийн урттай найман гүүр, 239 төмөр бетон хоолой барьсан бөгөөд 30 км тутамд түр зогсох зориулалтын зогсоолтойгоор хийж гүйцэтгэсэн байна. Мөн Айраг сумын 1,7 км зам, Даланжаргалан сумын 1,2 км-ийг Сайншандтай холбон замыг ашиглалтад оруулаад байна.
Мөн ирэх 10 дугаар сарын сүүлээр Хамарын хийдийн 42 км зам, Сайншандаас Замын-Үүд хүртэлх 120 км авто замын ажил бүрэн дуусч ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ингэснээр Монгол Улс Оросын хилээс Хятадын хил хүртэл босоо тэнхлэгийн дагуу автозамтай болж, олон улсын транзит тээвэр зорчих боломжтой болох юм. Энэ мэт дэд бүтцийн ажлууд Дорноговь аймагт эрчимтэй явагдаж байна.



















Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ, ОНХА

"Ажлын гараа" төсөл Дорноговь аймагт амжилттай хэрэгжлээ

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Ажилтай орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбооны хооронд байгуулсан Санамж бичгийн дагуу “Ажлын гараа” төсөл Дорноговь аймагт амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.
Төсөлд Хөвсгөл сумын Чулуут багийн иргэн А.Пүрэвсүрэнгийнхийг сонгон хамруулсан бөгөөд эхнэр М.Сэлэнгээ нь хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх ба 2012 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих малжуулах төсөл хөтөлбөрт хамрагдан 50 бог малыг хамгийн сайн өсгөн үржүүлсэн өрхөөр шалгарч байсан амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй ажилсаг нэгэн өрх юм. Төсөлд хамрагдахаасаа өмнө айлын өвөлжөө бараадаж амьдардаг байсан бол “Ажлын гараа” төсөлд хамрагдсанаар амины орон сууц өвөлжөөтэй болсон байна.
Төсөлд шаардагдах хөрөнгийг Дорноговь аймгийн Засаг даргын А/494 захирамжаар 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг орон нутгийн төсвөөс баталсан ба хүүхдүүдийн хоол, байрны асуудлыг тус сумын Засаг дарга түүний Тамгын газар хариуцан шийдвэрлэсэн байна.
Төслийг Хөвсгөл сумын сургуулийн Технологийн багш Д.Загдхоролын удирдлаган дор Улаанбаатар хот дахь Дорноговь аймгийн Залуучуудын холбооны дарга А.Амартүвшингээр ахлуулсан 15 оюутан залуус гардан хэрэгжүүлж аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г. Алгирмаа хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан юм.
Төслийн баг нь ажлаа тогтоосон хугацаанаас богино хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд малын хороог барихдаа байгалийн нөөц элсийг ашиглан тусгай технологиор шавар бэлтгэж хийсэн нь материал хэмнэж, шинэ санаа нэвтрүүлсэн онцлог бүхий өндөр ач холбогдолтой жишиг өвөлжөө болж чадсан байна.
2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төслийн хэрэгжилтийг дүгнэж, хүлээлгэн өгсөн байна. Энэхүү арга хэмжээнд аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г. Алгирмаа, Хөвсгөл сумын Засаг дарга Э.Жавхаа, тус сумын ИТХ-ын дарга Н. Мөнхцэцэг, Чулуут багийн Засаг дарга Ц. Батчулуу нар оролцон орон сууц, өвөлжөөг А. Пүрэвсүрэнгийн гэр бүлд хүлээлгэн өглөө.
Энэ үеэр төслийг хэрэгжүүлэхэд идэвх чармайлттай ажилласан оюутан залууст болон удирдсан багш Д.Загдхорол нарт аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Алгирмаа Өргөмжлөл, Батламж гардуулсан юм.
















Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ, ОНХА
https://www.facebook.com/olonniitee

Sunday, September 8, 2013

Японы хэлний сургалт 5-р сургууль дээр явагдаж байна

Дорноговь аймаг Шизүока муж хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдан олон салбарт хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч 8 сард хамтын ажиллагааны 2 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Боловсрол, Эрүүл мэнд дэд бүтцийн хөгжлийн олон тулгуур салбаруудад хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаагийн нэг нь Япон хэлний сургалт зохион байгуулах төлөвлөгөө байв. Шизүока Монголын найрамдлын нийгэмлэг, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Япон хэлний сургалтын нээлтийг 9 сарын 03-ны өдөр хийлээ.

Нээлтэнд Аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Шизүока Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагава Масахиро, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Олон нийттэй харилцах албаны дарга С.Сайнзаяа, Боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтэн Д.Цэнгэл, ЕБ-ын 5-р сургуулийн Захирал Б.Оргилбаяр, тус сургуулийн гадаад хэлний заах аргын нэгдлийн ахлагч Ундрахбаяр нар оролцлоо.

Аймгийн Засаг дарга П.Ганхуяг нээлтийн үеэр хэлсэн үгэндээ Япон улс Монгол улсын хамтын ажиллагаа тэр дундаа Дорноговь Шизүока муж хоорондын харилцаа шинэ шатанд гарч байгаа иймээс Япон хэлээ сайн сурах нь чухал гэдгийн онцлоод амжилт хүссэн юм.
Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ, ОНХА
https://www.facebook.com/olonniitee

“Дорноговь түншлэл, Шилмэл мал-2013” үзэсгэлэн болно

“Дорноговь түншлэл, Шилмэл мал-2013” уламжлалт үзэсгэлэн худалдаа 2013 оны 09 сарын 14-15-ны өдрүүдэд Сайншанд сумын “Цэлмэг тэнгэр” үйлчилгээний төвд зохион байгуулагдана. Оны “Шилдэг бүтээгдэхүүн, соёлч үйлчилгээ”-г дараах номинацуудад нэр дэвшүүлэн шалгаруулна.
Шилдэг бүтээгдэхүүний төрөлд:
1. Сүү, сүүн бүтээгдэхүүн
2. Мах, махан бүтээгдэхүүн
3. Гурил, гурилан бүтээгдэхүүн
4. Эх хүүхдийн хоол тэжээл
5. Жимс, хүнсний ногоо
6. Барилга, барилгын материал
7. Эсгий, эсгий бүтээгдэхүүн
8. Оёмол, хатгамал, сүлжмэл бүтээгдэхүүн
9. Бэлэг дурсгалын зүйл
Соёлч үйлчилгээний төрөлд:
1.Нийтийн ахуй үйлчилгээ
2.Нийтийн хоолны үйлчилгээ
3.Зочид буудлын үйлчилгээ
4.Банк болон санхүүгийн үйлчилгээ
5.Худалдааны газрын үйлчилгээ
6.Шилдэг хоршоо
7.Шинийг санаачлагч
8.Шилдэг сум
Аж ахуйн нэгж байгууллага, иргэд, малчид та бүгдийг өргөнөөр оролцохыг урьж байна.Бүртгэл Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын 06 тоот өрөөнд 2013 оны 09 дүгээр сарын 05-13-ны өдрүүдэд явагдана.

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ, ОНХА

Дорноговь аймаг, Японы Шизүока мужийн хамтын ажиллагааны 2жилийн ойн наадам боллоо

Монгол улсын Дорноговь аймаг, Япон улсын Шизүока мужтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 2 жилийн ойг 08 сарын 14-15-ны өдрүүдэд Сайншанд хотноо тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээнд 70 орчим Япон зочид мөн сурагч солилцооны хөтөлбөрөөр Шизүока мужийн ахлах ангийн 30 сурагч хүрэлцэн ирсэн юм. Ирсэн зочдод зориулж Дорноговь аймгийн зүгээс 8 сарын 14-ний өдөр "Таван дохио" жуулчны баазад бэсрэг наадам амжиллтай зохион байгууллаа. Дараа өдөр нь ирсэн төлөөлөгчид Дорноговь аймгийн зарим байгууллагуудтай салбар хоорондын уулзалтыг хийж цаашдын хамтын ажиллагаа тодорхойллоо. Мөн 15-ний өдөр 2 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт "Саран хөхөө" театрт болж найрамдалт харилцааны 2 жилийн ой амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллага болон бүх хүмүүстээ зохион байгуулах комиссоос талархал илэрхийлье.
Эх сурвалж: Дорноговь аймгийн ЗДТГ, ОНХА

Бэсрэг наадмын зургуудаас...












Thursday, September 5, 2013

"Хамтын санал - хотын хөгжил 333" арга хэмжээ 9-р сарын 25-нд болно

Сайншанд сумын Засаг даргын тамгын газраас улирал болгон зохион байгуулдаг "Хамтын санал - хотын хөгжил 333" арга хэмжээ нь улирал бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагийн 15 цагт тогтмол зохион байгуулагдан иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, уг асуудлыг хэрэгжүүлэн эргэн тайлагнадаг нээлттэй уулзалт болж байгаагаараа онцлогтой юм. Хамтын санал хотын хөгжилд залуучуудын санаа оноо дутаж байгаа тул өргөнөөр оролцохыг урьж байна. Уг арга хэмжээ нь 2013 оны 09 дүгээр сарын 25-ны 15 цагт Саран хөхөө театрт болно. Иргрэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Эх сурвалж: Сайншанд сумын ЗДТГ
Нээлттэй утас: 7052-3737